Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад нэлээд удаж байна. Уг нь өнгөрсөн хавар тэдэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, 22.4-2-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм. Гэвч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэж, хахууль өгөгчийг нь хамтатган эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэхээр болсны улмаас прокурорын хяналтад буцаагаад байв. Шүүхээс даалгасны дагуу АТГ, прокурорын байгууллагынхан дээрх хоёр хүнд хахууль өгсөн дуучин Э.Оюумааг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлжээ. Дуучин бүсгүйд НПГ-аас дээрх хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.
Хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нар “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн тулд дээрх дуучныг аргагүй байдалд оруулж, дарга нь гурван сая, ажилтан нь хоёр сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг валютаар авсан юм байна. Үүнээс гадна хурандаа Р.Энхтайваныг эрх мэдлээ урвуулж, “Шүрэн” ХХК-д давуу байдал бий болгон, битүүмжилсэн хөрөнгийг нь цуцалсны улмаас уг компаниас төлбөр авагч иргэн С 522 сая төгрөгөө авах боломжгүйд хүрч, шүүхийн шийдвэр биелэхгүй болгосон үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа юм. Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа өнөөдөр хийхээр товлоод байна.
Бэлтгэсэн: Д.Дайчин