Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнодын Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутгийг дамнан оршдог Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэжээ. Тус бүс нь ойт болон тал хээрийн экосистемийг хадгалсан, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутагт тооцогддог юм. Мөн нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болдог.
Тиймээс ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийнхөн Тосон Хулстайг Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг гэж үзэн, ийм шийдвэр гаргажээ. Тус байгууллага ээлжит хурлаараа 18 орны 25 газрыг дэлхийд дансалжээ. Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлснээр тухайн нутгийг хамгаалах асуудал олон улсын анхаарлын төвд очдог. Тодруулбал, байгаль хамгаалах чиглэлд илүү өргөн хүрээнд ажиллах боломж нөхцөл бүрддэг гэсэн үг. Манай улс ийнхүү ЮНЕСКО-д долоо дахь газраа бүртгүүлэв.