Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн хэв журмын офицер, ахлах дэслэгч Б.Эрдэнэбаатар, Г.Даваажаргал нар 2019 оны тавдугаар сарын эхээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Гэвч тэдний үйлдсэн хэргийг прокурор, шүүхээр шийдвэрлэлгүй жил гаруй болж байна. Энэ хооронд хохирогч Н.Өлзийбаатар хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж, хамгийн сүүлд өнгөрсөн зуны гурван сар нутагтаа эмчлүүлж байгаад иржээ. Цагдаагийн эргүүлийн офицерууд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг прокуророос нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгасны дагуу АТГ-т шилжүүлж, буцааж “шидсээр” нэлээд хугацаа өнгөрч буй юм байна.
Хохирогч Н.Өлзийбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Цагдаагийн офицерууд таны биед халдаж, хүнд гэмтэл учруулсан тухай мэдээг одоогоос жил гаруйн өмнө бичиж байсан юм. Тухайн үед чухам юу болов?
-2019 оны тавдугаар сард надад ийм явдал тохиолдсон. Тэр өдөр би найзуудтайгаа архи ууж нэлээд халамцаад харихаар явж байв. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт орон байрын хулгайн хэрэг гарсан юм билээ. Түүнд намайг сэжиглэн, хэрэг хүлээлгэх гэж ахлах дэслэгч Эрдэнэбаатар, Даваажаргал нар цохиж унагаад өшиглөсөн. Ингээд бие минь муудахад тэр хоёр ГССҮТ-д хүргээд явсан юм.
-Та юу хулгайлсан юм бэ?
-Би хаанаас ч, ямар ч эд зүйл хулгайлаагүй. Архи уугаад халамцуу үедээ л тэдэнтэй таарч, надад хүчээр хэрэг хүлээлгэх гэж зодохдоо л нарийн гэдсийг минь тасалчихсан. Ингэж зодуулснаас болж би байнга эмнэлэгт хэвтэж, тасарсан хэсэгтээ гуурс тавиулчихаад байж байна.
-Бүтэн жил гаруйн хугацаа өнгөрөхөд таныг хохироосон цагдаагийн офицеруудад холбогдох хэргийг яагаад шийдэхгүй байгаа юм бол?
-Харин гайхаад л байна. Ямар шалтгаан байгаад энэ хүмүүст холбогдох, миний эрүүл мэндийг хохироосон хэргийг шийдэх сонирхолгүйн учрыг хэлж мэдэхгүй юм. АТГ, прокурорын хооронд олон удаа явах хэцүү. Хурдхан нэг тийш нь шийдчихгүй, чирэгдүүлээд байх боллоо. Би Өмнөговь аймгийн хүн энэ хэргийг шийдвэрлүүлэхийн тулд нааш цаашаа удаа дараа явахад бие минь өвддөг. Өнгөрсөн зун би аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүллээ. Сая АТГ-аас дуудахад нь очиж уулзахад Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг шилжүүлж байгаа гэсэн. Тэгээд манайх руу ирэх шаардлагагүй, хяналт тавьж буй прокурортойгоо уулзаарай гэв. Энэ хэргийг шуурхай шийдвэрлүүлэхийн тулд АТГ-ын мөрдөгчийн дуудсан цагт нь л явж очсоор л байдаг юм.
-Цагдаагийн энэ хоёр ажилтан тантай уулзаж, эмчилгээний зардал гэж өгсөн үү?
-ГССҮТ-д нэлээд удаан хэвтэж эмчлүүлэхэд ирж уулзан, эмчилгээний зардал гэж хэдэн төгрөг өгч байсан.
-Одоо тэгээд та тэдэнд гомдолтой л байна уу?
-Эрүүл мэндээрээ хохирч, гуурстай амьдарч, хоол унд ч олигтой идэж чадахгүй байна шүү дээ, би. Гэм буруутай хүнээ хууль журмынх нь дагуу олж тогтоохгүй, мөрөөрөө явж байсан намайг зодож, хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдсонд нь гомдолтой байгаа.
Эрүүл мэндээрээ хохирсон иргэн нэмж хохирол амссаар буйгаа ийн ярив. Гэвч түүнийг хохироосон цагдаа нарт холбогдох хэргийг шийдвэрлэж чадахгүй удаж байна. Энэ нь магадгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд жижиг өөрчлөлт хийх үндэслэл ч болж магадгүй нь. Эсвэл Улсын ерөнхий прокурорын энэ оны гуравдугаар сарын 24-нд баталсан А/33 дугаар тушаалын хавсралтад өөрчлөлт оруулаад шуурхай шийдвэрлэж, иргэдийг хохироохгүй байх гарц бий болгох боломж ч бүрдүүлэхийг үгүйсгэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллын дагуу явагдана” гэж хуульчилсан. Харин дээрх А/33 дугаар тушаалын хавсралтын 1.3-т “Цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчийн ажлын байранд үйлдсэн, эрүүдэн шүүсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргийг АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарсан газрын, эсхүл харьяалал тогтоосон Прокурорын газрын прокурор хяналт тавина” хэмээн тусгажээ. Хуулийн дээрх заалт юм уу, Улсын ерөнхий прокурорын тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулаад иргэдийг хохирсон дээр хохироохгүй байх боломж уг нь байгаа юм. Бидэнд олдсон мэдээллээр Сонгинохайрхан дүүргийн нутагт гарсан, харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн ажилтнууд холбогдсон хэргийг прокурор нь танилын нүүр халуун учраас шуурхай шийдэж чадахгүй халширч суугаа сурагтай. Өөрөөр хэлбэл, нэг нь хэргийг шалгаж, нөгөө нь хянадаг, бие биетэйгээ өдөр тутам харилцдаг прокурор, цагдаагийнхан нэгнийгээ хаацайлж байж болзошгүй нь. Тиймээс л дээрх хуулийн заалт юм уу, прокурорын тушаалын хавсралтад өөрчлөлт оруулж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнуудын холбогдсон дүүргийн Прокурорын газраас хяналт тавих хэргийг Хан-Уул ч, эсвэл Баянгол дүүргийн прокурорын хяналтад байхаар харьяалуулчихвал танил тал, удирдаж чиглүүлдэг, нэг нь даалгавар биелүүлдэг хэмээн удаашруулахгүй шийдвэрлэж болох бус уу.
Бэлтгэсэн: Г.Орчлон