ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн Б.Махбалд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр хэлэлцэхээр товложээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг энэ оны тавдугаар сард хэлэлцээд Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэгт заасан харгис хэрцгийгээр хүний амь хөнөөсөн гэм буруутайд тооцож, хаалттай дэглэмд 13 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 21-нд 10.1-1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүний амь хөнөөсөн гэж дүгнэн хорих ялыг 11 жил болгож бууруулсан юм. Гэвч Б.Махбалын өмгөөлөгч М.Цэрэнбат, Б.Ганболд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрөлгүй Улсын дээд шүүхэд гомдол гаргасан аж. Түүнчлэн хохирогч, талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нар анхан шатны шүүхийн шийтэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн илтгэж хэлэлцүүлэх юм.
Бэлтгэсэн: Г.Орчлон