Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас дүүргийн хэмжээнд өсвөр насны хүнд ногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжиж буй, эсэхийг 2020 оны эхний 10 сарын байдлаар шалгасан байна. Тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хүүхдүүдийн хүмүүжил, зан төлөв, насны онцлогт тохируулсан сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулжээ. Тодруулбал, тэднийг зан үйлийг засах, хөдөлмөрлөх дадал олгон, сургалтад хамруулжээ. Шүүхээс 10 гаруй хүүхдэд гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн. Шалгалтаар шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй зөрчсөн, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдол илрээгүй байна.