ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болд 2020 оны аравдугаар сарын 14-нд А/245 тоот тушаал гаргасны дагуу ЭЦА, МБА-ныхан “Мал Мах” нэгдсэн хяналт, шалгалтыг орон даяар хийж буй. Энэ хүрээнд Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс улсын хэмжээнд ээдрээ төвөгтэй, олон үйлдэл холбогдогчтой, хугацаа сунгагдан удааширсан хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэжээ. Тодруулбал, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийнхан Э нарт холбогдох хэргийг шалгаж дуусав. Э нарын бүлэг хулгайч бусдын олон тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 44.9 сая төгрөгийн хохирол учруулсан аж. Мөн Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийнхан Н-ын 70 хонийг хулгайлсан гэмт этгээдүүдийг саатуулжээ. Улмаар хонь хулгайлсан М нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Үүнээс гадна Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрынхан бусдын 11 үхэр хулгайлсан Б, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид Жаргалантын гол гэх газраас 10 сарлаг хулгайлсан Б-гийн хэргийг шалгаж дуусжээ. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийнхан Ц нарт холбогдох 26 сая төгрөгийн хохирол бүхий малын хулгайг илрүүлжээ. Хохирол ихтэй, зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэхийн тулд Мөрдөн байцаах албаныхан төлөвлөгөө гарган, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байгаа аж. Мөн энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот руу орох, гарах шороон замуудад нэмэлт пост ажиллуулахаар Тээврийн цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадтай хамтран ажиллахаар болжээ. “Мал мах” нэгдсэн хяналт шалгалтын хүрээнд Эрүүгийн хуулийн 17.12-т заасны дагуу яллагдагчаар татагдсан ээдрээ төвөгтэй, олон үйлдэл холбогдогчтой, хугацаа сунгагдан удаашран шалгагдаж байгаа хэргүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангажээ. Үр дүнд нь 15 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, зургаан хэргийг бусад хэрэгт нэгтгэн 21 хэргийг шийдвэрлэж дуусжээ.