Тогтоол усанд боогдож, хөдлөх аргагүй болсон үй олон загасны зураг цахим сүлжээнд цацагдаж, иргэд эл мэдээллийг үнэн, худал хэмээн талцаад буй. Үүнийг анх нийтэлсэн иргэн “. Нэлээд нь үхсэн байна. Туслах хүмүүс очоорой” гэж бичсэн юм. Казакын буюу Шаазан нуурын оршдог Дорнод аймгийн БОАЖГ-ынхнаас энэ талаар тодруулахад “Боогдсон загас, жараахайнуудыг гаргахаар хоёр өдөр ажиллаж байна” гэв. Загаснууд эл нуурын ойролцоох газар тариалангийн усжуулах системийн зориулалттай хиймэл далан, шугам хоолойд боогджээ. Тус аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантулга “Шаазан нуурын усны түвшин нэмэгдсэнээс болж тухайн хэсэгт их хэмжээний ус хуримтлагдсан нь ийм асуудал үүсэх шалтгаан болсон. Нуурын усыг хэн нэгэн санаатайгаар хааж, боосон зүйл байхгүй. Загаснуудыг үргээгээд, үлдсэнийг нь зориулалтын тороор барьж, нуурт тавина. Үүнийг мэргэжлийн судлаачийн зөвлөмжийн дагуу хийж байгаа” гэсэн юм. Харин дээрх нуурт судалгаа шинжилгээ хийсэн, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, загас судлаач Б.Мэндсайхан “Олон тооны мөнгөлөг хэлтэг усанд боогдсон талаар мэдээлэл авсан. Дулаан газар бараадаж, тэнд бөөгнөрсөн байж болзошгүй гэж таамаглаж байна. Хугацаа алдах тусам загаснууд хорогдож, иргэд хууль бусаар агнах эрсдэлтэй учир даруй зөөвөрлөх чиглэл, зөвлөмжийг холбогдох хүмүүст өгсөн” гэлээ. Орон нутгийн холбогдох байгууллагынхан, хүмүүс аюул тарих хэмжээний асуудал үүсээгүй гэж мэдээлсэн ч иргэд мөнгөлөг хэлтэг олноороо үхсэн хэмээн ярьсан юм. “Дорнод” спорт загасчлалын клубийнхэн гэхэд өнөөдөр Шаазан нуурыг зорихоор төлөвлөжээ. Тэд “Загас аврах ажиллагаанд байгалиа хайрладаг хэн бүхнийг оролцохыг уриалъя. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн бидэнтэй нэгдсэн” гэв.