Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын нарын шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 23.5-2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр, өнөөдөр хянан хэлэлцээд ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Г.Сүхболд, ээлжийн дарга С.Магван, харуулын бага дарга Б.Пүрэвдалай, В1 дүгээр жигүүрийн хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Б.Уранбайгаль, бичлэгийн хяналтын ажилтан, дэд ахлагч Т.Жавзандулам нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохироогүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэргийг эргэн сануулбал, Гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа амиа егүүтгэдэг өдөр буюу 2019 оны хоёрдугаар сард 23-нд дээр нэр дурдсан алба хаагчид үүрэг гүйцэтгэж байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан ШШГЕГ-ын тухайн үеийн удирдлага Г.Сүхболд, С.Магван, Б.Пүрэвдалай, Б.Уранбайгаль, Т.Жавзандулам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.