ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтний лабораторийнхон Хустайн болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран халиун бугын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн зам, холбоос нутгийг илрүүлэх судалгаа хийжээ. Мэргэжилтнүүд сансрын дохиолол бүхий хүзүүвчтэй 10 бугыг хоёр жилийн турш тандсан байна. Хустайн нурууны халиун буга хоногт 484-510 метр зайд шилжилт хөдөлгөөн хийсэн бол Тарвагатайнх 419- 485 метр байжээ. Халиун бугын эзэмшил нутгийн хэмжээ Хустайд 144-244, нөгөөхөд нь 36-51 га талбайг хамардаг аж. Зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн, нүүдэлд идэш тэжээл гол нөлөөтэй. Дээрх хоёр нуруунд сөөг, алаг өвс, ботууль (олон наст үет), дэгнүүлт үетэн (нягт буталж ургадаг), улалж зэрэг зонхилж байгааг онцлон дурдав. Мэргэжлийн хэллэгээр бол ботууль-алаг өвст, алаг өвс-үетэнт ургамлын бүлгэм зонхилдог гэнэ.
Судалгааны явцад сонирхолтой зүйл ажиглагджээ. Тарвагатайн нурууны нэгэн буга Тэрхийн цагаан нуурт хүрсэн даруйдаа буцаж, Тарвагатайн гол нурууг дамнан Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан сумыг дайрч, 20 хоногийн хугацаанд 480 орчим км зам туулан Баянхонгорын Жинст буюу Говь-Алтайн нурууны ноён оргил Их Богд уулын ар хоолойд очсон нь хамгийн идэвхтэй шилжилт хөдөлгөөнд тооцогджээ. Судалгаа дууссан ч хүзүүвчтэй бугууд мэдээлэл дамжуулсаар байгааг мэргэжилтнүүд онцлов. Ташрамд дурдахад, эл төслийг ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк санхүүжүүлжээ.