Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ хэлэлцэж буй. Уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн санал, дүгнэлттэй өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд танилцаж, дэмжсэн байна. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, 2021 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нар энэ тухай мэдээлэл хийв. Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан “Засгийн газар нэлээд өөдрөг төсөөлөлтэйгөөр төсвийн төслийг боловсруулсан. Орлогоо өмнөх жилээс бараг 20 хувиар нэмэгдүүлжээ. Гэхдээ төрийн өмчит аж ахуйн нэгж, улсын үйлдвэрийн газруудын орлого хангалтгүй байна. Иймд ойрын үед бүтцийн өөрчлөлт, реформ хийх хэрэгтэй. Үр ашиггүй аж ахуйн нэгжүүдийг төр хэл ам татлан барин авч явах хэрэг байна уу. Ингэхдээ өөрчлөлт, реформыг яаралтай хийж, үр дүн нь 2022 оны төсөвт мэдрэгдэх ёстой. Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын зардлуудыг танаж, урсгал зардлыг нэлээд хэмнэх санал боловсрууллаа. Тэвчиж болох зардал, хөрөнгө оруулалтаас 60-70 тэрбум төгрөг “гаргахаар” тооцсон. Түүнчлэн төсөв дэх халамжийн зардлын нийт дүн 1.3 их наяд төгрөг. Үүнээс 800 орчим тэрбум нь хүүхдийн мөнгө, үлдсэн нь 68 нэр, төрлийн, хуулиар олгогддог зардлынх. Хүүхдийн мөнгөнөөс бусад төрлийн халамжийн зардлаас 3-5 хувийн буюу 25 тэрбум төгрөг хэмнэхээр тооцоод байна. Харин Улсын онцгой комисс, түүнд хамааралтай төсвийн ерөнхийлөн захирагч нараас бусдынх нь зардлыг 10-15 хувиар хэмнэх санал гаргасан. Тэвчиж болох нэг удаагийн хөрөнгө оруулалт, арга хэмжээний зардлаас 20 орчим тэрбум төгрөг хэмнэх судалгааг эхний ээлжид хийгээд байна” хэмээсэн.
Тэд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хэрхэн шинэчлэх вэ? Бодитой, тодорхой санал байна уу?
Б.Жавхлан: -Энэ бүтцийн өөрчлөлтийг зөвхөн төсвийн хүрээнд хийх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, төсвийг дагалдуулан тогтоол баталж, холбогдох байнгын хороо, Засгийн газарт маш тодорхой чиглэл өгсөн шийдвэр гаргана. Ингэснээр цаашид хийх ажил тодорхой болох байх. Төрийн өмчит, хамтарсан, орон нутгийн өмчит болон улсын үйлдвэр гэх мэт том, жижиг нийлсэн 500 орчим аж ахуйн нэгж байдаг юм байна. Эндээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шууд удирддаг нь 106. Дэд бүтэц, зам тээврийн чиглэлийн томоохон аж ахуйн нэгжүүд яам яамандаа харьяалагддаг. Засгийн газар үүнийгээ эргэн харж, ойрын үед татан буулгаж, хувьчлах, үр дүнтэй үргэлжлүүлэн ажиллуулах гэх зэргээр ангилан цэгцлэх ёстой.
-Ямар халамжийн зардлыг танах вэ?
-Халамжийг давхардуулан олгож байгаа тохиолдол их байна. Тиймээс тухайн халамжийн менежментийг сайжруулж, хуулийг нь өөрчлөх шаардлагатай. Үүний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас халамжийн арга хэмжээнүүдэд бүтцийн өөрчлөлт хийхээр тусгасан хэд хэдэн хуулийн төсөл бэлтгээд байгаа.
-Өмч хувьчлалын орлогоос хэдэн төгрөг төвлөрүүлэх вэ?
-Хувьчлалын орлого 2021 оны төсвийн төсөлд байхгүй. Гэхдээ төрийн өмчийн үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага, хүлээлт үүсэж байгаа учраас хувьчлах, эсвэл олон нийтийн хяналттай болгох гэх мэт олон үйл явц өрнөх байх.
-УИХ-ын Тамгын газрын санхүү хэт задгай, үрэлгэн байгааг энэ өдрүүдэд олон баримт нотолж байна. 500 орчим ТББ-аар дамжуулан хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулсан тухайд юу хэлэх вэ?
Д.Тогтохсүрэн: -Төсвийн ерөнхийлөн захирагч, энэ ажлыг шууд хариуцаж байгаа хүмүүс нь илүү тодорхой тайлбар өгөх болов уу. УИХ-ын гишүүний төсөв гэдэг нь цалин, тойрогт ажиллах, хуулийн төсөл боловсруулах, ном хэвлэл, сургалт, сурталчилгааны зардал зэргээс бүрддэг. Биднээс ч өмнө бий болсон санхүүгийн журам нь ийм юм билээ. Бензин авах байсан ч төрийн бус байгууллагаар дамжуулдаг сонин журам бий. 4.9 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй гүйлгээ байх ёстой гээд л шахчихдаг.
-УИХ-ын гишүүн цалингаас гадна хэдэн төгрөг зарцуулах эрхтэй юм бэ?
-250 сая төгрөг. Бид нараас тухай бүрт нь тайлан авдаг.
-Төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудын авдаг хангамж, урамшууллыг хэзээ цэгцлэх вэ?
-Төсвийн хууль, дүрмийг зөрчсөн бол бүгд л ижил хариуцлага үүрэх ёстой. Буцаагаад төлсөн байлаа ч үйлдлийнх нь төлөө хариуцлага тооцох ёстой. “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагатай холбоотой асуудлын хүрээнд Засгийн газар хариуцлага тооцох шаардлагатай. Бүлгийн гишүүд ч нэг л байх суурьтай байгаа. Засгийн газар ойрын үед хариуцлага тооцож, тодорхой арга хэмжээ авах болов уу.