Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, дэслэгч Д.Пүрэвдэмбэрэл гурван охинтой болжээ. Цагдаагийн байгууллага бүл нэмсэн гайхалтай энэ өдөр дэслэгч Д.Пүрэвдэмбэрэл хотод томилолтоор ажиллаж таарсан гэнэ. Тиймээс ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчийнхаа гэргийг эргэхийн зэрэгцээ, амьдралынх нь энэхүү нандин мөчийг сурвалжилж, мөнхжүүлжээ. Аавын эзгүйд бяцхан үрс нь эрүүл саруул өсөн торниж байна. Шинэхэн дэслэгч цагдаагийн байгууллагад тав дахь сардаа ажиллаж буй гэнэ. Д.Пүрэвдэмбэрэлийг нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст нэмэгдлээр ажиллахаар ирчихсэн үед эхнэр нь амаржсан аж. Албаа дуусгаад охид дээрээ ирсэн аав "Эхлээд хэт авиан оношилгоонд эхнэрээ оруулахад нэг хүүхэд байсан, долоо хоногийн дараа дахин үзүүлэхэд эмч хоёр охин гэж хэлсэн. Дахиад 10 хоногийн дараа үзүүлэхэд гурав болчихсон байсан. Ингээд үржигдээд байдаг юм байхдаа гэж бодсон" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.