Хилийн чанадад байгаа монгол иргэдийг татах ажлын явцын талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайванмэдээлэл хийлээ.
Тэрбээр "Цар тахлын үед гадаадад гацсан иргэдээ эх оронд нь татах чиглэлээр ГХЯ гадаадын 91 орны засгийн газарт хүсэлт гаргаж, хамтарч ажилласан. Шинэ Засгийн газрын ГХЯ-ны 10 том зорилтын хамгийн эхнийх нь "гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх" юм.
Манай улсын дипломат төлөөлөгчийн газар гадаадын 47 оронд бий. Яамнаас тэдгээр төлөөлөгчийн газрын тэргүүн нарт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой ажил хийж хэрэгжүүлэх албан даалгавар өгсөн. ГХЯ-ны ажлыг иргэдийн зүгээс ихэд сайшааж буй бөгөөд гомдол, мэдээлэл гаргах нь эрс багассан.
Мөн гадаадын олон орноос дипломат ажилтан, том төслийн мэргэжилтэнгүүд Монгол Улсад ирж, ажиллах шаардлага гарсантай холбогдуулан гадаадын 520 гаруй иргэнийг Монгол Улсад авчирсан.
Түүнчлэн нутаг буцах зардалгүй болсон Монголын 120 иргэнийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарч эх оронд нь авчирсан. Тэдний зардал болох 140 сая төгрөгийг тус байгууллагаас гаргуулсан" гэлээ.