Тайванийн Ченкунгийн их сургуульд сурч байсан, 19 настай монгол оюутан саяхан учир битүүлгээр амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тус их сургуульд ороод удаагүй байсан тэрбээр юуны учир амиа алдав гэдэг нь өдгөө хүртэл тодорхойгүй байгаа юм. Бид энэ хэрэг явдал чухам хэрхэж байгаа талаар холбогдох хүмүүсээс тодруулав.
Бидний хамгийн эхэлж очсон газар бол харьд зорчиж, ажиллаж амьдарч байгаа иргэддээ анхаарал тавьж байх ёстой Гадаад харилцааны яам байлаа. Гэвч тэд аанай л “Бидэнд ямар нэгэн мэдээлэл алга. Тайваньд сурч байсан оюутан нас барсан талаар бид сонссон. Тайваньд байгаа Консулын газраасаа мэдээлэл аваад өгье” гэлээ. Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газрын ажилтнууд “19 настай Д гэдэг оюутан залуу хэд хоногийн өмнө сураггүй боллоо гэж тэнд сурдаг монгол оюутан манайд мэдээлсэн. Улмаар ар гэрийнхэнтэй нь холбогдох утасны дугаар, хаяг олж өгөөч” гэсэн.
Бид тэр оюутанд ар гэрийнхэнтэй нь холбогдох утсыг өгсөн. Түүнээс хойш удалгүй ээж Г нь манайхаас виз хүссэн. Манай Консул талийгаачийн ээжийн визийг өдөрт нь гаргаж өгсөн. Ингээд ээж нь Тайвань руу явсан байсан. Бидэнд үүнээс өөр мэдээлэл алга. Гэрийнх нь хаяг, утасных нь дугаарыг өгөх боломжгүй. Талийгаач анх удаа Тайваньд очсон хүүхэд. Энд хаана сурч байсан талаар мэдээлэл алга. Тайвань дахь Монголын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрынхан биднээс илүү мэдээлэлтэй байгаа байх” гэлээ.
Энэ дагуу бид Тайваньд суугаа Монголын төлөөлөгчийн газрын 886-2- 2722-9740 дугаарын утсанд холбогдов. Тэд “Манай улсын иргэн Ченкунгийн их сургуулийн хэлний бэлтгэлийн ангийн оюутан Д гэдэг 19 настай залуу амиа алдсан нь үнэн. Тайванийн хуулийн байгууллага холбогдох шалгалтыг хийж байгаа. Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй нь холбогдсоны дараа та бүхэнд мэдээлэл өгөх эсэхээ хэлье. Энд талийгаачийн ээж Г нь Түмэндэмбэрэл гэдэг хүний хамтаар ирээд өнгөрсөн бямба гаригт Монгол руу буцсан. Нас барсан залуугийн цогцсыг чандарлаж авч явсан” гэв. Тайваньд сурч буй нэгэн монгол оюутнаас болсон явдлыг тодруулахад “Талийгаач Д энэ сарын 5-ны баасан гаригт энд сурдаг нэг монгол оюутны төрсөн өдрийг тэмдэглэхээр явцгаасан.
Хамт байсан залуусын яриагаар цаг нэлээд орой болсон хойно, 02.00 цагийн үед Д ганцаараа оюутныхаа байр руу явсан. Алга болсоноос нь хойш тав хоногийн дараа буюу энэ сарын 9-ний мягмар гаригт түүний цогцсыг далайн эргээс олсон гэсэн. Тайванийн хууль хяналтын байгууллагынхан түүнийг золгойгээр амиа алдсан гэж үзэж байгаа” гэлээ. Бид өөр нэгэн эх сурвалжаас талийгаачийн гэрийн хаягийг заалгаснаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь орон сууцны хороололд очсон юм. Тэнд очиход гэрийнхэн нь түр гарсан бололтой эзгүй байлаа.
Хөршүүдтэй нь уулзахад “Энэ айлын хүү уг нь гайгүй даруухан банди байсан юм. Айлын том хүү л дээ. Гэнэт л ийм айхтар явдал болжээ. Ар гэрийнхэнд нь хэцүү л байгаа. Өчигдөр (лхагва гаригт) ажил явдал нь өнгөрсөн” гэхээс илүү зүйл ярьсангүй. Тэндээс бид талийгаачийн ээж Г-тай холбоо барих утасны дугаарыг олж аваад ярилаа.
-“Өнөөдөр” сонины сурвалжлагч байна аа. Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Би та бүхнээс Тайваньд болсон асуудлын талаар тодруулах гэсэн юм?
-Манайх 6, 14 19 хүрч байгаа гурван хүүхэдтэй. Том хүү Д Тайваньд сурахаар яваад 25 л хонож байсан юм. Хүүгээ эрдэм сургахаар алс явуулчихаад араас нь очиж цогцсыг нь авна гэдэг хэцүү л байлаа. Ажил явдал нь өчигдөр (уржигдар) өнгөрсөн. Эгч нь хэд хоногоос энэ талаар хэвлэл мэдээлэлд хандая гэж бодож байсан юм.
-Чухам юунаас болж амиа алдсан юм бол оо. Манай ГХЯ тодорхой мэдээлэлгүй сууж байна гэх юм.
-Маш олон төрлийн шинжилгээ хийхээр сорьц авч үлдсэн. Шинжилгээний эцсийн хариу хоёр сарын дараа гарна гэсэн. Би эндээс Түмэндэмбэрэл гэдэг орчуулагчийн хамт явсан юм. Түүгээр дамжуулж Тайванийн холбогдох албаны хүмүүстэй ойлголцож байлаа. Биднийг Тайваньд байхад ГХЯ-наас хүн ярьж “Яаж туслах вэ” гэж асууж байсан.
-Далайгаас цогцос нь олдсон гэж Тайваньд сурч байгаа оюутнууд мэдээлсэн. Та бүхэн хүүгээ алга боллоо гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Бидэнд сураггүй болсоноос нь хойш 2-3 хоногийн дараа тэнд сурдаг оюутан хэлсэн. Бид тэр даруйд Тайванийн төлөөлөгчийн газраас виз авч очсон. Намайг очиход цогцосыг нь дөнгөж олсон гэж тэндхийн хууль хяналтын байгууллагынхан хэлж байсан. Нэг голоос олсон гэсэн. Хүн танихын аргагүй болсон байсан. Хүүгийн цогцос мөн эсэхийг надаар нягтлуулсаны дараа олон шинжилгээ авсан. Дараа нь тэндэхийн ёс заншлын дагуу цогцсыг чандарлаж, ясыг нь барина гэдэг их л хүнд байсан.
-Тэндхийн хууль хяналтын байгууллагынхан золгүй явдал гэж дүгнэсэн гэсэн мэдээлэл байгаа?
-Миний хүү архи, тамхи хэрэглэдэггүй. Бид хүүгийнхээ амиа алдсан шалтгааныг тодруулахаар ГХЯ-аар дамжуулж Тайванийн талд хүсэлт гаргана гэж бодож байгаа. Хэд хоногоос дэлгэрэнгүй ярилцая гэлээ.