Өвөл үүд тогшлоо. Хот, хөдөөгүй бужигнаж эхлэв. Төв, суурин газрынхан байр сууцаа дулаалан, зам, талбайн халтиргаанаас “хамгаалах” давс, бодисоо нөөцөлж, малчид өвс, тэжээлээ базааж байна. Зарим нь бэлчээрийн соргогийг дагаж, нутаг сэлгэн малаа адгуулж буй. Харин зэрлэг амьтад энэ өвлийг хэрхэн давах, онд мэнд орох, эсэхэд байгаль хамгаалагч, судлаачид сэтгэл зовниж байгаагаа хэллээ. Уг нь энэ асуудлыг зун, намраас хөндөж, хийх ажлынх нь чиг, төлөвлөгөөг өдийд боловсруулчихсан байдаг. Гэвч өнөө жил таг чиг. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхан “Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын үнэлгээг гаргасан” гэж мэдээлсэн ч энэ дагуу хийх ажлууд нь төсвийн хүндрэлээс болж түгжигджээ.
Манай улсын хэмжээнд агнуурын 171 бүс бий. Эдгээрт нутагладаг амьтдын нөөц, тархац, үржлийн биологи (нөхөн үржих чадавх)-ийг мэргэжлийн байгууллагынхан судалж, үнэлсний үндсэн дээр жилд хэчнээн тоо толгойг тусгай зориулалтаар агнуулахыг шийддэг. Үүнээс төвлөрүүлсэн орлогын тэн хагасыг зэрлэг амьтдыг хамгаалахад зарцуулдаг юм. Тодруулбал, агнуурын бүс нутаг бүрийг хариуцдаг аж ахуйн нэгж бий бөгөөд тэдгээр нь орлогынхоо тал хувиар санхүүжиж, амьтдын амьдрах орчныг сайжруулах, идэш тэжээлээр хангах (биотехникийн) ажил зохион байгуулж ирсэн. Харин өнөө жил “Ковид-19”-ийн улмаас тусгай зориулалттай анг хориглосон учир зэрлэг амьтныг хамгаалахад зарцуулах төсөв ийнхүү саатсан гэнэ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Ирвэс хамгаалах сан зэрэг байгууллагынхан орон нутгийнханд боломж бололцоогоороо дэмжлэг үзүүлж, аймгийн БОАЖГ-ынхан яамныхаа шийдвэрийг хүлээж, агнуурзүйч, байгаль хамгаалагчид “Ховор амьтад хахир өвлийг тэсэх болов уу” хэмээн сэтгэлээ чилээж сууна.
Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр буюу өнгөрсөн баасан гарагт үзэгчдийн хүртээл болгосон, гэрэл зурагчин Б.Мятавын “Уулын эзэн” үзэсгэлэнг сонирхсон нэгэн судлаач “Ирэх хоёр жилд Алтайн нурууны ирвэс эрс цөөрнө. Өнгөрсөн зуны турш бороо ороогүйгээс улаан ган болсон Баянхонгор аймгийн ихэнх, Өмнөговийн баруун, Говь-Алтайн зүүн өмнөх сумд, Өвөрхангайн Зүүн болон Арц богдод нутагладаг ирвэсүүд энэ эрсдэлд өртөх магадлалтай. Учир нь өвс ногооны гарц тааруугаас ирвэсийн үндсэн хоол тэжээл болох янгирын тоо эрс буурсан. Эцэнхий янгир ороо нийллэгт орж чадахгүй байгаа нь энэ намар олонтоо ажиглагдлаа. Нийллэгт орсон ч ирэх өвөл, хаврын байгалийн шалгарлыг давж чадахгүй болов уу” хэмээн шинжжээ.
“Гайхамшигт говь” төрийн бус байгууллагын тэргүүн, судлаач Х.Түмэндэлгэр ч зэрлэг амьтдад, тэр дундаа цоохор ирвэст халтай өвөл айсуйг анхаарууллаа. “Ирвэсийн тоо толгойн өсөлтөд янгираас гадна мал сүрэг ч нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд малчид “Ирвэс хэт олширсон, бод, бог барилаа” гэж байнга ярих болсон. Энэ нь ирвэсийн тархац нутаг малчдад булаагдсантай, авладаг бусад амьтан нь ховордсонтой холбоотой. Гэтэл одоо ирвэстэй нутгийн малчид зуднаас сэрэмжлэн, алс хол нүүж одсон. Ингэснээр нялх гүемүүдэд аюул учирч байна. Ирвэс дорой, тэнхээгүй гүемээ хаяж явдаг. Ийм тохиолдлыг өчнөөн харсан. Энэ бүхнээс үзэхэд 2020, 2021 оны өвөл, хавар ирвэсүүдэд халтай нь зайлшгүй” гэсэн юм. Зохих шатны байгууллагууд ган гачиг, зудын үнэлгээ, давтамжийг нарийвчлан судалж, зэрлэг амьтдыг хамгаалах төлөвлөгөөг ойрын хугацаанд боловсруулах шаардлагатайг тэрбээр онцолсон.
Энэ чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага бол Амьтны эрх хамгаалах нийгэмлэг. Тус байгууллагын тэргүүн С.Дамдинсүрэн “Тусгай зориулалттай ангийн бүсүүд бүгд хариуцсан эзэнтэй. Төсөв санхүү нь асуудалтай ч эрсдэл үүслээ гэхэд нөхцөл байдлыг хяналтдаа авах боломжтой. Харин тус бүсэд хамаардаггүй газруудын амьтдад жинхэнэ аюул нүүрлэнэ. Эзэнгүй шахам гэсэн үг шүү дээ. Өвлийн ид хүйтнээр, эсвэл амьтад харангадаж үхсэний дараа халаглаж, арга хэмжээ авах бус, өмнө нь хамгаалах хэрэгтэй. Эрсдэлийг урьдчилан тооцоолж, сэргийлэх нь чухал. Манайх энэ асуудалд бодлогын түвшинд анхаарч, зэрлэг амьтан хамгаалахад зарцуулах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгах хэрэгтэй” гэв.
Зэрлэг амьтан хамгаалах, биотехникийн арга хэмжээнд шаардлагатай зардлыг орон нутаг бие даан шийдэх тохиолдол бий. Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдэх, эсвэл хандив, тусламжаас санжүүжилт босгох боломжтой. Коронавирусийн улмаас улс бүсээ чангалах бодлого барьж буй өнөө цагт зудын эрсдэл өндөртэй аймгийн БОАЖГ-ынхан энэ асуудалд хэрхэн анхаарч байгааг тодрууллаа.
ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНГААС ДЭМЖЛЭГ ХҮССЭН
Г.Олонбаатар (Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн):
-Зэрлэг амьтдын нутагшилд идэш тэжээл, хужир мараа тавих цаг болсон ч санхүүжилтийн улмаас хойшлоод байна. Халиун бугад 700 боодол өвс нөөцөлсөн. Бөхөнд зориулж 400 боодол авахаар төлөвлөсөн ч мөн л санхүүгийн асуудалтай тулгарлаа. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхнаас туслалцаа хүссэн. Байнга дэмждэг учраас энэ удаа ч туслах болов уу. Бид санхүүжилтгүй гээд зүгээр суулгүй холбогдох байгууллагуудад хандаж, хамтран ажиллах санал тавьж буй. Өвөлжилт хүндэрснээс болж 2018 онд хар сүүлтий, бөхөн зэрэг олон амьтан харангадаж үхсэн учраас үүнийг давтахгүйг хичээж байна.
ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦӨӨС ШИЙДҮҮЛЭХЭЭР САНАЛ ӨГСӨН
А.Нансалмаа (Ховд аймгийн БОАЖГ-ын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн):
-Зөвхөн өвөл гэлтгүй бусад цагт ч зэрлэг амьтдад чиглэсэн арга хэмжээ авах ёстой. Энэ онд төсөв санхүүгийн хүндрэл яалт ч үгүй тулгарлаа. Бид өвөлжилт хүндэрч болзошгүй сум, газруудыг урьдчилсан байдлаар тогтоосон. Тухайлбал, Ховд, Баян-Өлгийн нутгийг дамнан оршдог, ирвэс, янгир, аргаль зэрэг ховор амьтантай Мөнххайрхан уул, баруун захын Алтай, Булган, Үенч болон Цэцэг, Чандмань сумд онцгой анхаарч, биотехникийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Үүнд шаардлагатай зургаан сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулахаар санал өгсөн.
СҮХБААТАР, ДОРНОДООС 10 САЯ ТӨГРӨГӨӨР ӨВС, ТЭЖЭЭЛ АВНА
Т.Пунсанцогвоо (Өмнөговь аймгийн БОАЖГ-ын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн):
-Манай аймгийн ихэнх нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Нийт бэлчээрийн 20 гаруй хувь нь өвстэй, 40 хувь нь тааруу, үлдсэн нь маш муу гэж үнэлэгдсэн. Тиймээс бид зэрлэг амьтан хамгаалахад орон нутгийн төсвөөс 50-иад сая төгрөг хуваарилсан. Бэлчээрийн ургамлын гарц тааруу, өвөлжилт хүндрэх өндөр эрсдэлтэй бүсэд биотехникийн арга хэмжээ авахын тулд эхний ээлжид Сүхбаатар, Дорнодоос 10-аад сая төгрөгт өвс, тэжээл авах болсон. Бид 2016 онд Баруун сайхан ууланд буга нутагшуулсан. Тухайн бүсийн амьтдыг өвс, тэжээлээр хангахад жилд 1-2 сая төгрөг зарцуулдаг. Өнөө жил ч хэвээрээ. Манай аймаг агнуурын бүс нутаг хариуцдаг компаниудад болон улсын төсөвт хүндрэл учруулахгүйг хичээж, амьтан хамгаалахад шаардагдах төсвийг орон нутгаасаа шийдэж ирсэн. Энэ удаа ч ялгаагүй.