“Эко соёл” сан болон “Түгээмэл эрх-хөгжил” төрийн бус байгууллагынхан Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Нэг хашаа, нэг мод” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Тэд өнгөрсөн хавар Баянзүрх дүүрэгт 650 мод тарьсан бөгөөд 90 хувь нь ургасан гэнэ. Харин өнгөрсөн ням гарагт Чингэлтэй дүүргийн VIII, IX хорооны нутагт 1050 мод тарив. “Эко соёл” сангийн тэргүүн Т.Саруул “Энэ төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд 13 сарын хугацаанд 5000 мод тарихаар төлөвлөсөн. Энэ нь гэр хорооллыг бүхэлд нь төгөлжүүлэх том ажлын эхлэл юм. Өнгөрсөн хавар мод тарьсан газрын эзэд одоо ч бидэнтэй холбоотой байж, хэрхэн ургаж байгааг ажиглан, мэдээлж, зургийг нь илгээдэг. Энэ удаа 1000 хайлаас, 50 улиас тарихад “Самъяа” хийдийн лам нар болон иргэд, аж ахуйн нэгжүүд сайн дураараа оролцлоо. Гэр хорооллын гудамжинд мод тарихдаа машин зөрөхөд, эсвэл хожим хатуу хучилттай зам тавьж магадгүй гэсэн үүднээс хашаанд ойрхон, 3-4 метрийн зайд суулгаж байгаа. Мөн Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбоо төрийн бус байгууллагынхан зөвлөгөө өгч, хамтарч байна. Мод тарьсны дараа хамгийн чухал нь арчилгаа. Тиймээс төслийн зүгээс эхний нэг сар усалгааг бүрэн хариуцна. Цаашдаа аж ахуйн нэгжүүд болон иргэдтэй хамтарч арчлах бөгөөд бид тарьсан бүх модоо ургаж буй, эсэхийг хянаж, шаардлагатай арга хэмжээ авч байна” гэлээ.
Бэлтгэсэн: О.Алуунгуа