УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус бүлгийнхэн дэмжиж байгаа аж. Зах зээлд өрсөлдөхүйц тэтгэврийн даатгалын сангуудыг бий болгох хэрэгтэй, олон улсад ч ийм жишиг байдгийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэв. Мөн тэрбээр Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай хуулийн төслийг АН-аас өргөн барихаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Энэ хуулийг баталснаар тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаар тогтоож, түүнээс дээш хэмжээний төгрөгийг өндөр настнуудад олгоно гэсэн үг. Өнөөдөр 500 мянган төгрөгөөс доош хэмжээний тэтгэвэр иргэдийн амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа. ҮСХ-ноос гаргасан судалгаагаар нэг өрхийн сарын дундаж зарлага 1.5 сая төгрөг байна. Хоёр ахмад настан тэтгэврийн мөнгөө нийлүүлээд ч амьжиргааныхаа гуравны нэгийг бүрдүүлж чадахгүй хэмжээнд хүрчээ. 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277 мянга гаруйд нь 500 мянгаас доод хэмжээний мөнгө олгож байна. Энэ бол ахмадуудыг ядууралд хүргэж буй том шалтгаан” гэсэн юм. Ийм хэмжээний тэтгэвэр авч байгаа ахмадуудын олонх нь социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцсон, хувийн өмчгүй, хадгаламжгүйг тэрбээр мөн онцоллоо.
Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу стратегийн орд газруудыг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа тэлж, үр өгөөжийг нь дээшлүүлснээр тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хөрөнгийг шийдэж болохыг АН-ын бүлгийнхэн хэлэв. УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолд стратегийн зургаан орд газрыг яаралтай эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь хүртээх тухай тусгасныг С.Одонтуяа гишүүн хэлж, санаачилсан төсөл нь ямар нэг хууль, тогтоомж зөрчөөгүйг онцоллоо.
Үүнд зарцуулах санхүүжилтийн дийлэнхийг нь Цагаан суваргын орд газраас бүрдүүлэх гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Цагаан суваргын ордын хажуугаар төмөр зам тавьснаар тухайн ордыг эзэмшигч компани илүү үр ашигтай ажиллах боломжбүрдсэн. Тиймээс ийм бүтээн байгуулалт хийж өгсний үр дүнд тус ордын тодорхой хувийг төр эзэмших саналыг тухайн компанид тавьж, хөрөнгө оруулах замаар эргэлтэд оруулах учиртай. Ингээд төр эзэмшсэн хувиасаа тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зориулах нь зүйтэй” гэв. 277 мянган ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоход жилд 400 гаруй тэрбум төгрөг зарцуулах гэнэ.