Төв аймгийн Ар Хуст сумын Хөх Асгатын ар гэдэг газарт найман сартай жирэмсэн эмэгтэйн амийг хөнөөн, худагт хаясан хэрэг одоогоос жил гаруйн өмнө гарчээ. Бидэнд олдсон мэдээллээр малчин Даваасамбуу, Болд, Мягмар нар энэ сарын 12-нд олон жил ашиглаагүй худгаа засахаар ухаж байтал ёроолд нь эвгүй үнэртэй хатуу зүйл байхыг олсон аж.
Улмаар үхсэн малын сэг зэм биз хэмээн оосорлон гаргаж иртэл хүний илжирч муудсан, хэн болох нь танигдахгүй цогцос байжээ. Тэдний мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд үзлэг хийсэн байна. Хэргийн газар ажилласан цагдаагийн нэгэн ажилтан “Цогцос илжирч муудсанаас болоод хэн болох, ямар хүйстэйг нь ч тогтоох боломжгүй болсон байсан. Үзлэгийн явцад цэнхэр өнгийн жинсэн цамц өмссөн, эмэгтэй болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад одоогоос нэг жил хоёр сарын өмнө буюу 2009 оны наймдугаар сарын 19-нд сурагг үй болсон эмэгтэйн цогцос мөн болох нь батлагдсан” гэв.
Талийгаачийг Ц гэдэг бөгөөд сураггүй алаг болох үедээ найман сартай жирэмсэн байсан гэнэ. Тэрбээр хоёр сарын турш гэрийнхэнтэйгээ мессежээр харилцаж байгаад сураг тасарсан аж. Ар Хуст сумын нутаг буюу Төмөр замын “Булагтай” өртөөнд талийгаач тухайн үед гэртээ ганцаараа байсан бөгөөд аав нь түүнийг эргэхээр ирэхэд сураггүй болсон байжээ. Мөрдөн шалгасны дүнд Ар Хуст сумын иргэн Ө.Мэндбаяр гэгч хөнөөсөн болохыг тогтоов. Талийгаач хэвлий дэх хүүхдээ Ө.Мэндбаярынх гэж хэлсний төлөө амь насыг нь бүрэлгэснээ тэр хүлээжээ. Түүнийг цагдан хорьж шалгаж байна.