Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт өнгөрсөн есдүгээр сарын 28- аас энэ сарын 5-ны хооронд 13 удаа иргэдийн эд зүйлийг санаатайгаар галдан шатаасан хэрэг гарсан. Энэ хэрэгт холбоотой таван хүүхдийг саатуулсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Галдан шатаасан дээрх хэргүүд 22.00-00.00 цагийн хооронд голдуу гардаг, гарааш, хуучин ашиглаж байсан дэлгүүр, айлын дөрвөн амбаар, “Марк-2”, “Чейзер” маркийн дөрвөн автомашин, хоёр айлын нуруулдсан өвс, байшингийн орц, айлын хашаа гэмт этгээдийн халдлагад өртөж, иргэдэд ойролцоогоор долоон сая төгрөгний хохирол учирсан юм. Уг гурван хүүхдийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ч гэмт хэрэг үйлдсэн болохыг эцэслэн тогтоогүй байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн хоёр дахь зааснаар сэжигтнээр тооцон эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа аж.
Тус аймгийн Цагдаагийн газар болон прокурорын байгууллагаас энэ талаар тодруулахад Сэлэнгэ аймгийн харьяат, 13-15 настай таван хүүхдийг бусдын эд зүйлийг галдан шатаасан хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байна.
Зарим нь галдсан гэдгээ хүлээж байгаа. Нэг нь саяхан хогийн цэг дээр гал тавьж байгаад саатуулагдсан. Сэжигтнүүд насанд хүрээгүй учраас тэднээс мэдүүлэг, тайлбар авахдаа бид өмгөөлөгч, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөллийг оролцуулан шалгаж байна” гэлээ. Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэсэн үедээ энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэнэ.
СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ГАЛЫН ХЭРГҮҮД:
-2010.09.28-ны 22.00 цаг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын II багийн нутагт байрлах иргэн Ж-гийн гараашийг галдан шатаав.
-Мөн өдрийн 23.00 цаг. Аймгийн Татварын хэлтсийн гадаа байсан иргэн М “Тоёота Марк-II” маркийн автомашиныг дор нь шатахуун асгаж галджээ.
-Мөн өдрийн 23.00 цаг. Дээрх багийн нутагт байсан иргэн Э-гийн эзэмшлийн “Тоёота” маркийн автомашиныг галдсаны улмаас урд буфер, дугуйны хамгаалалт шатсан.
-Есдүгээр сарын 28-29- нд шилжих шөнийн 00.00 цаг. Тус сум дахь “Гурвалжин” дэлгүүрийн үүдний амбаар, хаалга, дээврийн хэсгийг шатаалаа.
-2010.09.29-ны 23.00 цаг. Тус сумын III багийн иргэн Н-ийн амбаарыг галдан шатаав.
-2010.09.29-30-нд шилжих шөнө. Мөн багийн “Дэлгэрэх” цайны газрын урд талд байсан иргэн Г-ын “Мицубиши” маркийн автомашиныг шатаахыг завдсан.
Тухайн үед эргүүлд гарч байсан цагдаагийн алба хаагчид машиныг бүрэн шатаахаас мөн унтраасан байна.
-Мөн шөнө III багийн иргэн С-ийн өвсний хашааг шатаахыг завдсан.
-2010-10-11-ны 22.00 цаг. Иргэн Г-ийн “Киа” маркийн автомашины дугуй, буферийг галдав.
-22.00 цагийн үед Нийн эзэмшлийн дэлгүүрийн барилгын хаалгыг галдахыг завджээ.
-23.00 цагийн үед Салхитын аманд иргэн Мийн эзэмшлийн хашаанд хураалттай байсан өвс, хашааны зарим хэсгийг шатаажээ.
-2010.10.14-нд иргэн Бгийн хашааны зарим хэсгийг шатаасан байна.