“Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайнхан энэ оны эхний есөн сарын үйлдвэрлэл, техник, эдийн засгийн үзүүлэлтээ 102-103.6 хувиар биелүүлснээ мэдээллээ. Тус үйлдвэрийнхэн цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, хямралыг даван туулах, өртөг зардлаа бууруулах нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлын төлөвлөгөө гаргасан юм байна. Үүний хүрээнд энэ онд 2.2 тэрбум төгрөг хэмнэх зорилт тавьснаас эхний есөн зорилтоо 67 хувиар биелүүлэн, зардлаа 1.5 тэрбум төгрөгөөр бууруулсан гэнэ. Ил уурхайн бүтээмжийн өртгийнх нь 50 хувийг тээврийн зардал эзэлдэг бөгөөд дэлхийн зах зээлд дизель түлшний үнэ хямдарсан нь зардлаа ийн бууруулахад нөлөөлжээ. Түүнчлэн 1-9 дүгээр сард уулын цул гаргах төлөвлөгөөгөө 671 мянган шоо метрээр давуулан биелүүлжээ. Мөн хүдрийн нөөцийг хэвийн хэмжээнд хадгалах, ордыг бүрэн ашиглах зорилт тавьсны үр дүнд хүдэр болон исэлдсэн хүдрийн олборлолтыг ч өсгөсөн аж. Бас ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих ажлын явц нь 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Ирэх сард барилгын ажлыг дуусган, дулаан болон бусад тоног төхөөрөмжийг угсрах юм байна. Ингэснээр 2021 оны хавар эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр ашиглалтад оруулж, жилд 15 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм.