ДУГААРЫН ОНЦЛОХ СЭДЭВ: Ипотекийн зээл
Монголбанк, Засгийн газар хамтран орон сууцын урт хугацаатай зээлийн хүүг энэ сарын 1-нээс зургаан хувь болголоо. Ийнхүү ипотекийн зээлийн хүү хоёр хувиар буурч байна. Хүүг хоёр хувиар бууруулсан нь зээлдэгчийн нуруунаас нэлээд ачаа хөнгөлөх нь дамжиггүй. Хэн нэгэн 100 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг урьдчилгаа 30 хувийг нь төлөөд, 20 жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй зээлээр авъя гэж бодъё. Тэгэхээр банкнаас 70 сая төгрөгийн зээл авч таарна. Ийм хэмжээний зээл авсан хүн сард 501 502 төгрөг төлөх тооцоо гарч байна. Нийт 120 сая 400 орчим мянган төгрөг төлнө гэсэн үг. Тэднийх 20 жилийн хугацаанд зээлийн хүүд 50 гаруй сая төгрөг төлөх юм байна.
Дээрх жишээг найман хувийн хүүтэй зээлтэй харьцуулж үзье. Зээлдэгч өмнөх буюу найман хувийн хүүтэй орон сууцын зээлийн хөтөлбөрт хамрагдвал сард 585 508 төгрөг төлөх тооцоо гарч байна. Ингэхээр зургаан хувийн хүүтэй зээлээс сард төлөх мөнгө нь 84 мянган төгрөгөөр илүү байгаа юм. Тэднийх найман хувийн хүүтэй зээл авсан бол 20 жилд нийт 140 сая 500 мянган төгрөг банканд төлөх нь. Зээлийн хүүнд 70 сая 500 мянган төгрөг буюу үндсэн зээлтэйгээ тэнцүү хэмжээний мөнгө төлөхөөр байгаа биз. Энэ жишээгээр бол орон сууцын зээлийн хүүг зургаан хувь болгосноор зээлдэгчийн нуруунаас 20 сая төгрөг “хөнгөрөх” юм байна.
Иргэдийн нуруунаас ачааг нь хөнгөлөх шийдвэр гарч байгаад баярлах хэрэгтэй. Бид орон сууцын зээлийн хүүг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудынхтай тэнд тэд, энд төдөн хувь байдаг гэж жишиж ярих дуртай. Арилжааны ч тэр, орон сууцын ч тэр зээлийн хүүг аажмаар багасгаж л байна. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар зургаан хувийн хүүтэй зээл олгож эхэлснийг мэдэгдсэнээс хойш олон нийтийн анхаарлыг татаж, иргэд хоосон цуурхаж, буруу зөрүү мэдээлэл түгээсээр байна. Өмнө нь орон сууцын найман хувийн хүүтэй зээл аваад, түүнийгээ төлчихсөн хүнд зургаан хувийн зээл олгохгүй болсон гэж банкны ажилтан хүртэл ярьж явна. Журамд ийм өөрчлөлт оруулаагүйг Монголбанкныхан баталж байна. Мөн 35-аас доош насны хүмүүст л зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэсэн цуурхал тарав. Журамд ийм өөрчлөлт оруулаагүйг Төвбанкныхан мөн л дуулгалаа. Арилжааны банкууд зээлийн эрсдэлээ тооцоод 40-өөс дээш насны хүмүүст орон сууцын зээл олгодоггүй нь амьдралын үнэн. Банкныхан зээл хүсэж буй иргэн тэтгэвэрт гарчихвал төлж чадахгүй гэж үзээд 40-өөс дээш насныханд 20 жилийн хугацаатай зээл өгөхөөс цааргалдаг. Насны хязгаар тавьж буй нь зээл олгох журамд биш, банкны шалгууртай холбоотойг иргэд ойлгох хэрэгтэй болов уу.
УИХ-ын сонгуулийн энэ удаагийн үр дүнгээр эмхлэн байгуулсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө орон сууцын зээлийн хүүг дөрвөн хувь хүртэл бууруулах зорилт тавьсан. Зорилтоо хэрэгжүүлэх эхний алхмыг хэрэгжүүлээд эхэллээ гэж ойлгож байна. Орон сууцын зээлийг зөвхөн банкаар биш, Засгийн газрын тусгай сангаар дамжуулан олгож, хүүг бууруулах судалгаа хийж байгааг Монголбанкныхан дуулгасан. Орон сууцжуулах хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг ч олон талаас шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэнэ. Орон сууцын зээлийн санхүүжилтийн олон эх үүсвэртэй болчихвол хот суурин газар гэр хорооллоо багасгаж, орчны бохирдлоо шийдвэрлэж чадна. Зээлийн хүү доошилж, сард төлөх мөнгөний хэмжээ буурах нь бага орлоготой иргэд орон сууцын зээлд хамрагдах боломжийг нээдэг. Тиймээс орон сууцын зээлийн хүү зургаан хувь болсонд нийтээр баярлах учиртай.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ц.БАЯРБАТ: Нийслэлд амины орон сууц худалдахад зээл олгох л өөрчлөлт оруулсан
Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбаттай ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн талаар ярилцлаа.
-Орон сууцын зургаан хувийн хүүтэй зээл олгоход журамд ямар нэгэн өөрчлөлт оруулсан уу?
-Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг тодорхой хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрээр олгоно. Тодруулбал, Монголбанк, арилжааны банкуудын хамтарсан эх үүсвэрээр олгож байна. Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 онд баталсан Орон сууцын ипотекийн санхүүжилтийн журмын дагуу орон сууцын зээл олгох бүх үйл ажиллагааг зохицуулдаг. Уг журамд энэ онд хоёр гол өөрчлөлт оруулсан. Бусад нөхцөл, шаардлага нь өмнөх хэвээр үйлчилж байгаа. Журамд өмнө нь ипотекийн зээлийн хүү найм байна гэснийг зургаа болгож өөрчилсөн. Амины орон сууцын ипотекийн зээлийг аймаг, сумын хэмжээнд олгодог байсан бол нийслэлийг нэмсэн. Үндсэндээ улс даяар амины орон сууцын ипотекийн зээл олгохоор журмаа өөрчилсөн гэсэн үг.
-Орон сууцын зээл авахад хамтран зээлдэгчтэй байх шаардлагагүй болсон гэсэн яриа гарсан байна лээ. Энэ үнэн үү?
-Монголбанкнаас баталсан журамд хамтран зээлдэгчтэй байна гэсэн нөхцөл тавьдаггүй. Харин банкууд ийм шаардлага тавьдаг. Үүнийг зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Банкууд зээлийн эрсдэлээ тооцно. Тухайн зээлдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх хугацаа, ажлын байр нь тогтвортой байх, эсэхийг үнэлээд хамтран зээлдэгчидтэй байх, үгүйг банкууд шийдэж байгаа. Банк их хэмжээний зээл авч байгаа хүнд эрсдэлийн үнэлгээг нарийн хийх нь ойлгомжтой асуудал.
-Зургаан хувийн хүүтэй зээлийг 35-аас доош настай хүнд олгоно гэсэн хязгаар тавьсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр түгсэн. Насны хязгаар тавьсан уу?
-Журамд 18 нас хүрсэн, эрх зүйн чадамж бүхий Монгол Улсын иргэнд орон сууцын зээл олгоно гэсэн заалт бий. Насанд хүрсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг хүнд олгоно гэж ойлгох хэрэгтэй. Банкуудын зээлдэгчийн эрсдэлийг тооцож тавьсан шалгуураас үүдэж, иргэдийн дунд ийм гарсан яриа байж магадгүй. Эрх зүйн чадамжтай гээд 60 настай хүнд 20 жилийн хугацаатай зээл олгох нь хэцүү гэдгийг хаана, хаанаа мэдэж байгаа биз. Түүнээс биш журам, дүрэмд насны хязгаар тавьсан ямар нэг зохицуулалт байхгүй.
-Тодорхой хэмжээний санхүүжилтийн хүрээнд зургаан хувийн хүүтэй зээлийг олгоно гэж та хэлсэн. Санхүүжилт нь дуусна гэсэн ойлголт байхгүй биз дээ?
-Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийн хүрээнд орон сууцын зээлийн эх үүсвэрийг Монголбанк гаргах үүрэг хүлээгээд байгаа юм. Яриа хэлэлцээрийн дүнд эх үүсвэрийн 60 хувийг Монголбанк, 40-ийг нь арилжааны банкууд гаргахаар тогтсон. Төвбанк эхний ээлжид 58 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад олгоно. Энэ оныг дуустал 100 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийднэ гэж тооцсон. Монголбанкнаас өгсөн мэдээллээр 38 иргэнд 2.5 тэрбум төгрөгийн зургаан хувийн хүүтэй орон сууцын зээл олгоод байна.
-“Ковид”-ийн үеийн хуулийг зургаан сарын хугацаатай сунгах заалт бий. Нөхцөл, байдлаас харахад энэ хуулийг сунгах шаардлага үүсэх юм шиг байна. Хуулийг сунгасан хугацаанд орон сууцын зээлийн эх үүсвэрийг Монголбанк, арилжааны банк хамтраад шийдвэрлээд явна биз дээ. Энэ оныг дуусангуут больчих уу?
-Хуулийн хэрэгжих хугацааг сунгавал ипотекийн зээлийг одоогийн арга, хэлбэрээр л үргэлжлүүлэн олгоно.
-Хуулийн хэрэгжүүлэх хугацаа дуусахаар орон сууцын зээл буцаад найман хувийн хүүтэй болчихгүй биз?
-Үгүй. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орон сууцын зээлийн хүүг дөрвөн хувь бууруулах зорилт тавьсан. Орон сууцын зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах бодлого баримталж ажиллана. Олон улсад орон сууцын зээлийг банкаар дамжуулан олгодог жишиг бий. Мөн Засгийн газар нь сан үүсгээд, түүнээсээ зээл олгодог хэлбэр бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хуримтлалын сан байгуулах, түүнийг орон сууцын зээл олгоход ашиглахаар тусгасан. Орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлэх нь зөв. Бид орон сууцын зээл олголтын үйл ажиллагааг оновчтой байдлаар шинэчлэх зорилт тавиад, ажлын хэсэг байгуулан судалгаа хийж байна.
-Орон сууцын найм болон зургаан хувийн зээлтэй өрх гэсэн ялгаа үүсэх нь. Орон сууцжуулах хөтөлбөрийг 2013 онд эхлүүлэхдээ өмнө нь орон сууцын өндөр хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн хүүг найм болгож шилжүүлсэн. Найман хувийн хүүтэй зээлийг зургаа болгож шилжүүлэх үү?
-Шилжүүлэхгүй. Орон сууцын эрэлт, нийлүүлэлтийн харьцааг хангах гэсэн ойлголт бий. Хэрэв эх үүсвэрээ найман хувийн зээлийг дахин санхүүжүүлэх замаар зургаан хувийн хүү рүү шилжүүлэхэд зарцуулбал эрэлт, нийлүүлэлтийн харьцааг хангаж чадахгүй. Цаашлаад эдийн засгийн хямрал ч болж мэднэ. Найман хувийн зээлтэй хүмүүс аль хэдийн орон сууцтай болсон. Орон сууцын зээл авахаар зэхэж буй олон иргэн бий. Тэдэнд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Орон сууцын эрэлтийг ч, нийлүүлэлтийг ч дэмжиж байна гэсэн үг. Зээлтэй хүнд дахин өгөхгүй гэсэн санаа. Найман хувийн хүүтэй зээл авсан хүн төлж дууссаныхаа дараа орон сууцын зургаан хувийн хүүтэй зээл авах боломжтой. Зээлийн өрийн үлдэгдэлгүй, анх удаа орон сууц худалдан авч буй хүмүүсийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна.
ИНФОГРАФИК
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Монголбанкнаас санхүүжилт өгөхийг хүлээж байна
Орон сууцын зургаан хувийн хүүтэй зээлийг арилжааны банкаар дамжуулан хэд хоногийн өмнөөс олгож эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор банкуудын ачаалал, иргэдэд тулгарч буй бэрхшээл, зээлийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж буй талаар сурвалжиллаа. Хасбанкны төв салбарт зөвхөн харилцагчдынхаа зээлийн хүсэлтийг хүлээн авч байв. Тус банкны зээлийн мэргэжилтнээс мэдээлэл авч, материал бүрдүүлж буй иргэд цөөн харагдсан. Худалдаа, хөгжлийн банкны хувьд ипотекийн зээлийн санхүүжилт орж ирээгүй тул мөн л адил, зөвхөн хүсэлтийг нь хүлээн авч, зээл олгоогүй байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний материалыг хүлээлгийн жагсаалтад оруулж, санхүүжилт орвол хариу мэдэгдэх аж. Бүх банкнаас иргэд 100 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой. “Голомт” банк ч санхүүжилтгүй учир ипотекийн зээл өгөхгүй байгаа гэнэ. Найм, есдүгээр сард материалаа бүрдүүлсэн иргэд хүлээгдэж байгаа тул зээлийн хүсэлт нэмж аваагүй аж. Ипотекийн зээл авахаар хөөцөлдөж буй иргэн Б.Наранцацрал “Зээлийн хүү буурахаар сард төлөх мөнгө нь багасах юм билээ” гэв. Төрийн банкны хувьд дээрх банкуудын адил иргэдийн хүсэлтийг авч байна. Материалаа бүрдүүлсэн ч зээл олгох хугацаа тодорхойгүй байв. Шинээр олон иргэн зээлийн материалаа өгсөн учраас ачаалал ихтэй байлаа. Тус банканд одоогоор зургаан хувийн хүүтэй зээлийг нэг ч хүнд олгоогүй гэнэ.
Иргэн Б.Наранбаатар “Би төрийн албан хаагч. Ипотекийн зээлийн хүсэлт гаргамаар байвч урьдчилгаа 30 хувь бэлэн биш. Энэ зээлийг авахад хугацаа их орох бололтой. Зээл олгох, эсэх нь ч эргэлзээтэй. Худалдаа, хөгжлийн банк “Хурд групп” компанийн байрыг санал болгосон. Ер нь орон сууцын үнэ хэтэрхий өндөр байна” гэв. Зургаан хувийн хүүтэй зээлийг иргэдэд хүсэлтийн дагуу олгосон ганц газар нь ХААН банк юм. Тэнд дараалал их байв. Шинээр зээл авах хүсэлтийг иргэд ихээр ирүүлж буй аж. Мөн өнгөрсөн жил материалаа бүрдүүлж, жагсаалтад орсон ч одоо хүртэл зээлд хамрагдаагүй хүн олон байгаа гэсэн. Жишээлбэл, Г.Наранцэцэг 50 сая төгрөгийн зээл авахаар 2019 оны аравдугаар сард хүсэлтээ гаргасан ч одоо хүртэл хариу ирүүлээгүй гэнэ. Тус банкны зээлийн мэргэжилтэн “Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт бага хэмжээний санхүүжилт орж ирсэн тул жагсаалтын дагуу энэ оны нэг, хоёрдугаар сард хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн зээлийг олгосон” хэмээв. Харин арилжааны бусад банк одоогоор нэг ч иргэнд зээл олгоогүйн учрыг зарим эх сурвалжаас тодруулахад “Монголбанкнаас арилжааны банкуудад төлөвлөсөн ёсоор 58 тэрбум төгрөгийн санхүүжилтээ өгөөгүй. Банкуудыг эхний ээлжид өөрсдийн санхүүжилтээр зээл олгох санал тавьсан. Гэтэл ихэнх арилжааны банк Монголбанкны санхүүжилтийг хүлээж, зээлээ олгохгүй байгаа” гэлээ.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Францад төрөөс хяналт тавьдаг
Эдийн засгийн байдал, зах зээл нь хэр хөгжсөнөөс шалтгаалж орон сууцын зээлийн хүү улс бүрт харилцан адилгүй аж. Японд ийм зээлийн хүү 1.4 орчим хувь байдаг бөгөөд энэ нь олон жилийн турш хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна. Уг зээлийн хүү бага байдгийг инфляц бага, орон сууцын үнэ өндөртэй холбон тайлбарлажээ. Орон сууцын үнэ өндөр ч төлбөрийг 35 жилд барагдуулах боломжтой аж. Банкнаас зээл авахын тулд тус улсын иргэн, эсвэл оршин суух эрхтэй, мөн тодорхой орлоготой байх шаардлагатай. Орон сууцын үнийн 90 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зээл олгодог. Борлуулагч тухайн орон сууцад холбогдох түүхийг заавал танилцуулах хууль Японд үйлчилдэг. Хүн амины, эсвэл амиа хорлосон хэрэг гарсан бол эрэлт, үнэд нөлөөлдөг аж.
Финланд ипотекийн маш бага хүүтэй улсын тоонд багтдаг. Эл үзүүлэлт жилийн ердөө 1.5 орчим хувь байдаг гэнэ. Төрийн болон хувийн олон банк ийм үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ зээлийг тогтсон болон хөвөгч гэсэн хоёр хэлбэрээр олгодог. Хөвөгч нь Европын банк хоорондын хүүгийн үзүүлэлтээс шалтгаалдаг бөгөөд үүгээр тус улсад хүү бага байдгийг тайлбарладаг. Зээлийг дунджаар 20 жилийн хугацаатай олгодог. Хамгийн урт нь 35 хүртэл жил үргэлжилнэ. Тэгэхдээ зээл хүсэгч 65-аас доош насны, тогтвортой орлоготой нэгэн байх ёстой. Банкууд орон сууцын үнийн дүнгийн 75 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зээл олгодог. Гэхдээ санхүүгийн баталгаа нэмж гаргавал эл үзүүлэлт 100 хүрэх ч тохиолдол байдаг. Финландад гадаадын иргэн ч зээл авах боломжтой. Гэвч зээлийн дундаж хүү нь жилд 3-3.5 хувь болж өсдөг аж.
Швейцарт зээлээ өвлүүлдэг. Хүү төлөх олон хэлбэртэй ч зээл авагсад тогтсон буюу дунджаар жилийн 1.5 хувийн хүүтэйг сонгодог гэнэ. Тус улсад зээлийн доод хэмжээ гэж байдаг бөгөөд энэ нь 50 мянган франк буюу 122 орчим сая төгрөг аж. Зээлийг 100 жилийн хугацаатай олгодог. Үүнийг өвлүүлж болно. Өвлөхөөс татгалзвал борлуулж, банкны өрийг барагдуулаад, үлдсэн мөнгийг өв залгамжлагчид шилжүүлдэг.
Францад ипотекийн зээлд төрөөс хяналт тавьдаг. Дунджаар хоёр орчим хувийн хүүтэй зээлийг 20 хүртэлх жилийн хугацаатай олгодог бөгөөд зээлдэгч 85-аас доош настай байхыг шаарддаг. Орон сууцын үнийн 65-70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг банкууд нь олгохдоо хүсэлт гаргагчийн орлого болон сар тутмын төлбөр хоорондын харьцааг анхаардаг. Орлогын гуравны нэгээс их тусвал зээл өгөхгүй. Эдийн засгийг сүйрэлд хүргэж мэдэх зээлийн хөөс үүсгэхгүйн тулд төрөөс нь ипотекийн зээлд хяналт тавьдаг аж.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Ипотекийн зээл авахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
Б.СУВД-ЭРДЭНЭ (Чингэлтэй дүүргийн XII xорооны иргэн):
-Манайх Дэнжийн мянгын эцсийн буудлаас нэлээд зайтай өндөрлөг газарт оршин суудаг. Нөхөр, хоёр хүүхдийн хамт айлын хашаанд, гэрт амьдарч байна. Том хүүхэд тавдугаар анги, бага нь цэцэрлэгт явдаг. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг гэрээс нэлээд хол. Өвөл хүүхдээ дагуулж хол алхах хэцүү. Дээр нь гэр хорооллын дэд бүтэц үнэхээр муу. Тоглоомын талбайгүй, бас гудамжууд нь гэрэлтүүлэггүй. Тиймээс тав тухтай орчин нөхцөлтэй, ойрхон сургууль, цэцэрлэгтэй байранд орохоор өнгөрсөн сараас хойш ипотекийн зээлийн талаар судаллаа. Зээлдэгчдэд тавьж буй шалгуур нь чанга юм. Тухайлбал, манай гэр бүлийн нийт орлого буюу хоёр хүүхдийн мөнгө, нөхөр бид хоёрын цалин нийлээд нэг сая төгрөгт хүрэхгүй. Түүнчлэн орон сууцын зээл авахын тулд нийт үнийн дүнгийн 30 хувийг урьдчилан төлөх нь хэтэрхий өндөр байна. Банкнаас сар бүрийн орлогыг маань байрны зээл авахад хүрэлцэхгүй гэж үзсэн. Урьдчилгаа нь ядаж 20 хувь болбол дундаж амьдралтай өрхүүд байртай болох боломж бүрдэнэ.
Ч.МЯГМАРДОРЖ (Баянзүрх дүүргийн X хорооны иргэн):
-Ипотекийн зээлд хамрагдахаар Төрийн банканд материалаа өгсөн. Тогтмол орлоготой, нийгмийн даатгал төлдөг учир материал бүрдүүлэхэд ямар нэг асуудал үүсээгүй. Байрны үнийн урьдчилгаа болох 30 хувийг эхнэр бид хоёр хадгаламжаасаа төлөхөөр шийдсэн. Одоогоор орон сууц хайж байгаа. Саяхан ашиглалтад оруулсан, автомашины зогсоол, харуул хамгаалалт сайн, хамгийн гол нь хотын төвд байрладаг байх зэргийг харгалзан үзнэ. Монголбанкнаас арилжааны банкуудад өгсөн чиглэлийн дагуу ихдээ 100 сая төгрөгийн зээлийг иргэд зургаан хувийн хүүтэй авах боломжтой юм билээ. Гэтэл сэтгэлд нийцсэн, хотын төвд байрлах орон сууцын ханш үүнээс өндөр байна. Жишээлбэл, нэг ам метр талбай нь хоёр сая төгрөгөөс дээш үнэлгээтэй. Тиймээс ипотекийн зээлд хамрагдахын тулд мөнгөндөө тааруулж байр олох нь гол асуудал болчихоод буй.
Х.НАМУУНЗУЛ (Хан-Уул дүүргийн III хорооны иргэн):
-“Голомт” банкнаас өнгөрсөн сард ипотекийн зээл авсан. Бичиг баримт бүрэн бол долоо хоногийн дотор л зээл олгох, эсэхийг шийдчихдэг юм билээ. Би нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлдөг. Үүнээс гадна сарын орлого маань зээлийн баталгаа болж чадна гэж эдийн засагч нь үзсэн. Ер нь зээл олгоход хүндрэл учрах, эсэх нь тухайн хүн материалаа бүрэн, үнэн зөв бүрдүүлсэн үү гэдгээс шалтгаалдгийг анзаарсан. Банкнаас тавьж буй шаардлагатай материалыг бүрдүүлээд, байраа сонгосон. Миний хувьд урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэхэд л олон асуудалтай тулгарсан. Хүмүүст зээлсэн мөнгөө авч урьдчилгаандаа нэмэрлэсэн. Тэр бүхнээ банканд тайлбарлах, дансны хуулгаар нотлох зэрэгт багагүй хугацаа алдсан. Нэг танил минь ийм асуудлаас болж зээл авч чадахгүй олон сар болсон. Тодруулбал, тэрбээр байрны урьдчилгаа бүрдүүлэхийн тулд ээжийнхээ ахаас мөнгө зээлсэн. Банкан дээр очоод түүнийгээ нотлох гэхэд ээж болон ахынх нь овог зөрснөөс болж хэдэн сар сунжирсан байна лээ.
Б.ДАВААДУЛАМ (Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны иргэн):
-Манайх хоёр жилийн өмнө зуучлагч газраар дамжуулж орон сууц худалдан авсан. Тус байгууллагынхан байрыг маань ипотекийн найман хувийн зээлд хамруулна гэж бидэнд амласан ч хоёр сарын дараа чадахгүй нь гэв. Зуучлагч нэртэй байгууллагууд иргэдийг ингэж хуурдаг юм билээ. Байргүй болохгүйн тулд ХААН банкнаас 18 хувийн хүүтэй зээл авахаас өөр аргагүйд хүрсэн. Одоогоор зээлээ 30 сарын турш төлсөн. Гэтэл үндсэн зээлээс нэг сая хүрэхгүй төгрөг хасагдсан байна. Харин зээлийн хүүд 23 сая төгрөг төлсөн гэхээр харамсалтай. Тиймээс бага хүүтэй зээл авч болох, эсэхийг судалж байгаа. Нөхцөл шаардлагатай нь танилцахад боломжийн санагдсан. Ядаж сарын төлбөр нь бага. ХААН банкны зээлийн эдийн засагчтай уулзахад “Зээл авахаар 170 хүн манайд материалаа өгсөн. Дарааллаараа бол та гурван жилийн дараа л зээл авах боломжтой” гэсэн хариу хэлэв. Төр, засгаас өндөр хүүтэй зээлтэй иргэдээ анхаардаггүй. Жишээлбэл, цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн үед найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн төлөх хугацааг хойшлуулсан ч өндөр хүүтэй бусад зээлийг тоохгүй орхисон.
Бэлтгэсэн: Т.Энхбат, У.Түвшинбаяр, З.Амгалан