ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрдэмтэд БНСУ-ын Биологийн нөөцийн үндэсний хүрээлэнгийн судлаачидтай хамтран “Монгол орны говийн бүс нутгийн эмийн ургамал” ном хэвлүүлжээ. Говийн бүс нутгийн эмийн ургамлын төрөл, зүйл, тархац, статус, ургах орчин зэргийг нэг бүрчлэн багтаасан эл бүтээл анагаах ач холбогдолтой ургамлуудыг нэгтгэсэн дэлхийн анхны ном гэдгээрээ онцлог аж. Монголын судлаачдын багийг ахалсан ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрхлэгч, доктор М.Ургамалтай бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Говийн бүсийн эмийн ургамлын төрөл, зүйл, тэдгээрийн ач холбогдлыг нэгтгэсэн бүтээл Монголд төдийгүй дэлхийд анх удаа хэвлэгджээ. Та энэ бүтээлийн талаар танилцуулна уу.
-Манай оронд 108 овгийн, 684 төрлийн, 3200 зүйл гуурст (цэцэгт) ургамал бий. Үүний гуравны нэг буюу 1103 зүйл нь анагаах ач холбогдолтой. 2015 онд ШУА болон БНСУ-ын Биологийн нөөцийн үндэсний хүрээлэнгийнхэн хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Эл санамж бичгийн хүрээнд биологийн нөөц, тэр дундаа ургамлын аймаг, ялангуяа эмийн ач холбогдолтой төрөл зүйлийн тархац, нөөцийн судалгаа хийхээр санал солилцсон. Ингээд хоёр улсын эрдэмтэд 2017-2019 онд гурван ч удаа хээрийн судалгаа хийлээ. Говийн бүсэд багтах Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн нутагт ургадаг эмийн ургамлын ургах орчин, ховордсон байдлыг нарийвчлан судалж, бүтээлээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д англи хэлээр хэвлүүлсэн. Харамсалтай нь, цар тахлаас үүдэн номын нээлт, түгээлт саатаад байна.
-1100 орчим зүйлийн эмийн ургамлын хэчнээн нь говийн бүсэд ургадаг юм бол?
-Дээрх бүтээлд говийн бүсэд ургадаг 345 зүйл эмийн ургамлыг багтаасан. Говийн болон хангайн бүсийн ургамал гэж нэг бүрчлэн ангилах боломжгүй. Зарим ургамал зөвхөн хангайд, эсвэл говьд ургадаг. Гэвч хоёуланд нь тархсан нь элбэг шүү дээ.
-Говийн эмийн ургамлын тархалт, нөөц өдгөө ямар байна вэ?
-Говийн ургамал хангайнхыг бодвол амьдрах чадвар сайтай. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн зарим зүйлийн ургамал ховордож, тархац нутаг хумигдсан нь судалгааны дүнд харагдлаа. Үүнээс зүүнгарын буюу улаан гоёо, аргамжин цэцэг (цагаан гоёо), чонон хармаг, зээрийн болон хулангийн ундаа зэргийг дурдаж болно. Иргэд эмийн зориулалтаар түүж бэлтгэхээс гадна уул уурхай эрчимжиж, хот суурин тэлэхийн хэрээр тархац нутаг нь хумигдсан тохиолдол цөөнгүй. Ялангуяа говийн бүс нутагт уул уурхайн олборлолт ихэссэнтэй энэ нь салшгүй холбоотой.
-Тэгвэл өөр газарт шинээр ургах боломж бий юү?
-Судалгаагаар Зүүнгарын тойрог, Алтайн өвөр говь буюу баруун хязгаарт эмийн ургамлын төрөл, зүйл тархац нутагтаа хэвийн ургаж байгааг тогтоосон. Харин дорно болон өмнийн говийн эмийн ургамлын тархац ихээхэн хумигдсан нь ажиглагдлаа. Говийн ховордож буй эмийн ургамлын төрөл, зүйл нь өөр газарт шилжин ургах, тархац нутгаа тэлэх боломжгүй.
-Устаж үгүй болсон төрөл зүйл бүртгэгдсэн болов уу?
-Нэг удаагийн судалгаагаар устаж үгүй болсон төрөл зүйлийг илрүүлэх боломжгүй. Хэрэв амьд организм тархац нутагтаа 50 жил харагдахгүй бол устсан гэж үздэг. Харин ургамлын зүйлийг 100 буюу түүнээс дээш жил тархац нутагтаа ургахгүй бол устсан гэж олон улсад хүлээн зөвшөөрдөг юм. Тиймээс ховордсон болон ховордож буй, эсвэл тархац нутаг нь хумигдсан, эмзэг гэсэн зэрэглэлд багтаадаг. Өөрөөр хэлбэл, устаж үгүй болсон ургамлын зүйл одоогоор байхгүй гэж ойлгож болно.