2040 он гэхэд далай, тэнгис дэх бичил, микро хуванцрын хэмжээ 600 сая тонн болно гэж дэлхийн эрдэмтэд тооцоолжээ. Энэ нь өнөөгийн түвшнээс гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Жил бүр далай, тэнгисүүдэд дунджаар 29 сая тонн хуванцар хог хаягддаг нь хэдэн мянган метр үргэлжилсэн “зам” болоод буйг олон улсын шинжээчид мэдээлснийг “Science” сэтгүүлд нийтлэв. Энэ байдлаараа үргэлжилбэл 20 жилийн дараа гэхэд дэлхийн усан сангуудын экологийн тэнцвэрт байдал алдагдаж, олон төрөл зүйл үгүй болно гэдгийг Америкийн “Pew сharitable trusts”, Английн “Systemiq” судалгааны байгууллагын хамтарсан багийнхан гаргасныг олон улсын шинжээчид тэмдэглэжээ. Шинэ коронавирусийн тархалтын улмаас хөл хорионы дэглэм тогтоосноос хойш нэг удаагийн хуванцар сав, хэрэгслийн хэрэглээ хэд дахин нэмэгдсэн нь энэ төрлийн хог “үйлдвэрлэлийг” эрчимжүүлж байгааг тус сэтг үүлд онцолсон байна. Өдгөө эл төрлийн бүтээгдэх үүний үйлдвэрлэлийг хязгаарлах, экспортлохыг хориглох нь хамгийн зөв шийдэл гэдгийг ч дурдав. Эл сэтгүүлийн редакцынхны тооцоолсноор, хуванцрын үйлдвэрлэлийг одооноос зогсоож чадвал 2040 он гэхэд 70 сая ам.долларыг дэлхийн эдийн засагт хэмнэнэ гэсэн байна. Үүгээр зогсохгүй эл төрлийн хог хаягдалтай холбоотой үүсэх хүлэмжийн хийг 25 хувиар бууруулах боломжтой аж. Хуванцар хог хаягдлыг бууруулахгүй бол хүн төрөлхтөн өөрийн бүтээсэн материалдаа “залгиулах” хэмжээнд хүрснийг илтгэх өөр нэгэн мэдээ байна.
Дэлхийн хэмжээнд, буурай хөгжилтэй улсуудад 30 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн харамсалтай мэдээллийг “Daily mail” нийтлэв. Ингэхдээ Лондон дахь “Tearfund” хүмүүнлэгийн байгууллагын судалгааг эш болгосон аж. Уг судалгааны тайланд “Хуванцар хаягдал нь шумуул, ялаа, харханд таатай “орон сууц” болдог төдийгүй хумхаа зэрэг халдварт өвчин дэгдэх нэг шалтгаан мөн. Эл төрлийн хог хаягдлыг шатаах нь агаарын бохирдол үүсгэж, улмаар зүрх, уушгины өвчин, хорт хавдар үүсэх суурь тавигддаг. Агаарын бохирдол жил бүр барагцаагаар 3.7 сая хүний аминд “хүрдэг”. Хуванцар сав, бусад хог хаягдал нь ус зайлуулах хоолойг асар ихээр бохирдуулснаар ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд, хогийн цэгийн ойролцоо амьдардаг хүмүүс булчин задрах тахлаар өвчлөх эрсдэл өндөр. Ялангуяа хүүхд үүд өвчлөх эрсдэл хоёр дахин их” гэж дурджээ. Британичууд 650 мянган тонн хуванцар хогийг жилд “үйлдвэрлэдэг” нь Малайз, Индонез зэрэг улсынхтай дүйж байгааг мөн тэмдэглэсэн байна.
Дэлхий нийтийн асуудал болсон энэ сэдвийн талаар улс орнууд ярьдаг ч гаргалгаа, шийдэлгүй явсаар байгаа нь өнөөдрийн гол алдаа гэдгийг эл судалгааг хийсэн багийнхан онцлоод хуванцар хог хаягдлыг бууруулахад “Coca-Cola”, “PespiCo”, “Nestlе”, “Unilever” зэрэг том компани илүү санаачилгатай байх ёстойг ч анхааруулжээ. Улс орнууд хуванцар сав, хэрэгсэл, нэг удаагийн хэрэглээг хязгаарлах, орлуулах шинэ технологи нэвтрүүлж байгаа эерэг мэдээллүүд ч байна. Жишээ нь, АНУ-ын Колорадогийн судлаачид шинэ төрлийн хуванцар материал бүтээжээ. Үүгээр хийсэн бүтээгдэхүүнийг дахин боловсруулахад зардал бага гарах буюу амархан задардаг гэнэ. Тиймээс дахин сав, баглаа боодол, нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэсэн ч хүний биед сөрөг нөлөөгүйг онцлов. Тэгвэл Японд гялгар уут, хуванцар сав зэргийг тусад нь үнэлж эхэлжээ. Тодруулбал, иргэд худалдан авсан бараагаа энэ төрлийн саванд хийвэл баглаа боодлын үнийг нэмж тооцох болсон аж. Монголчуудын хувьд дэнд үү “танил”, үйлчилгээнд нэвтрүүлээд удсан “соёл” бол гялгар уутыг үнэлэх шүү дээ. Тэгвэл арлын орныхон хуванцар хаягдлыг бууруулах зорилгоор ийм шийдвэрт хүрчээ.
Үүний зэрэгцээ худалдааны төв, дэлгүүрүүд нь ургамлын гаралтай эко тор, сав, баглаа боодол санал болгож байгаа бөгөөд Японы Засгийн газар 2050 он гэхэд далай, тэнгис рүү хуванцар хог хаягдлыг “цутгахаа” бүрэн зогсоохоор ажиллаж байгаа гэнэ. Хуванцар хог хаягдлыг “даврааж” болохгүй гэсэн хандлага өндөр хөгжилтэй олон оронд хэдийн бий болж шат дараалалтай арга хэмжээн үүд авсаар байна. Тухайлбал, Канадын Засгийн газар 2021 оныг үдэхдээ нэг удаагийн хуванцар хэрэглээг халахаар шийдвэрлэлээ. Тус улсын Байгаль орчин, цаг уурын сайд Жонатан Вилкинсоны мэдээлснээр, ирэх оны эцэс гэхэд нэг удаагийн, хуванцар таваг, соруул, савхыг үйлчилгээнээс бүрэн халсан байх гэнэ. Экологид халтай хуванцар хэрэглээг 2030 он гэхэд бүрэн халах Канадын Засгийн газрын зорилтын хүрээнд ийм арга хэмжээ авч байгаа бөгөөд эхний ээлжид Эдуард, Ньюфаундленд, Лабрадор, Альберт, Квебек, Манитоб гэсэн бүс нутагт эл хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бол ирэх оны эхнээс Ванкувер, Монреальд мөрдөх юм байна. Швейцарын Женев хотод энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн хуулиар байгууллагууд нэг удаагийн хуванцар сав, хоолны хэрэгслээр үйлчилсэн тохиолдолд 100 хүртэл ам.доллароор торгуулах нигууртай. Чили улсын худалдааны бүх байгууллагад энэ төрлийн бүтээгдэх үүнийг өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс хоригложээ. Мөн Британи энэ сарын эхнээс бүрэн хориглосон юм байна. Тэр ч бүү хэл, гоо сайхан, ариун цэврийн зориулалттай нэг удаагийн хөвөн ч үүнд хамаатай.
Бэлтгэсэн: Э.Хана