Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнгөрсөн баасан гарагт нээлттэй хэлэлцүүллээ. Уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм. Тэд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн энэ оны эхний хагаст 9.7 хувиар агшаад буй эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, цаашид баримтлах бодлогын гол чиглэлийн талаар санал солилцов. Түүнчлэн зээлийн хүү бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах, банк санхүүгийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлэх ажлуудыг төр, хувийн хэвшил хамтран хийх хэрэгтэйг онцоллоо.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогыг төрөөс гаргах зөв шийдвэртэй уялдуулан, макро эдийн засгийн орчныг хэвээр хадгалж чадвал ирэх онд манай улсын ДНБ 7-8 хувиар өсөх боломжтой. Хамгийн гол нь ийм огцом өсөлт өөрөө бий болохгүй, шийдвэр гаргах түвшний бүх байгууллага, Төвбанк, Засгийн газар хамтран ажиллаж, нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй” гэв. Түүнчлэн МУИС-ийн профессор, эдийн засагч Б.Эрдэнэбат “Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэхэд инфляц багасаж буй нь эерэг нөлөө үзүүлнэ. Энэ онд хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг найман хувь байна гэж тооцсон ч өдгөө хоёр орчим хувьтай байгаа. Улмаар ирэх жил зургаан хувь байх төлөвтэй. Ийнхүү инфляц зорилтот түвшнээс бага байх нь эдийн засаг дахь бүтээмжийг өсгөн, цэвэр ашгийг нэмэх чухал үзүүлэлт болно” хэмээв. Тэгвэл Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Коронавирусийн тархалтын нөлөө, олон улсын эдийн засгийн байдлаас дүгнэхэд төсөв тэлэх, хөрөнгө оруулалт өсөх боломжгүй. Энэ нь Засгийн газрын өр ихсэн, төсвийн алдагдал өндөр буйтай холбоотой. Гэхдээ инфляц буурч байгаа нь цаашид мөнгөний бодлогыг зөв хэрэгжүүлбэл эдийн засагт эерэг нөхцөл үүсэх магадлалыг өсгөнө” гэж ярилаа.
Бэлтгэсэн: С.Дулам