МХЕГ-аас коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар мэдээллээ. Тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Хилийн хорио цээрийн хяналтын газрын үндсэн үүргийн дагуу бид хүн, малын гоц халдварт өвчин дэгдсэн үед ариутгал, халдваргүйтгэлийг хамгийн түрүүнд хийдэг. Одоогоор хилийн боомтуудад ариутгалын 35 мэргэжилтэн ажиллуулж байгаа. Тухайлбал, Буянт-Ухаагийн боомтод долоо, Алтанбулаг, Замын-Үүдийнхэд тус бүр дөрөв, бусад боомтод 2-4 мэргэжилтэн ажиллан, коронавирус хүн амын дунд тархахаас сэргийлж байна” гэлээ. Хил хамгаалах ерөнхий газар болон МХЕГ-ынхан өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш улсын хилээр нэвтэрсэн 278 288 тээврийн хэрэгслийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, халдваргүйжүүлжээ. Тус байгууллагынхан цаашид эрсдэлтэй бүлэг гэгдэж буй олон улсын ачаа тээврийн жолооч нарыг халдвараас сэргийлэх сургалтад хамруулах аж.