Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус шалгалтанд Үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1,500 орчим хүн бүртгүүлэн өрсөлдөж байгаа хэмээн эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Түүнчлэн энэ жилийн шалгалт хэд хэдэн онцлогтой болж байгаа аж.
Тухайлбал, жишиг сорилыг төвийн вэб хуудсанд байршуулснаас гадна хаана байгаагаас үл хамааран элсэгч өөрийгөө сорих цахим шалгалтыг өгч шалгалтандаа бэлтгэх боломжийг анх удаа бүрдүүлжээ. Мөн дэвшилтэт технологийг ашиглан анх удаа цаасгүй шалгалтыг зохион байгуулсан бөгөөд шалгалт дуусмагц дүн ухаалаг төхөөрөмж дээр гарч шалгуулагч дүнгээ шууд харах боломж бүрдсэн байна.