“Цахим үндэстэн” сэдэвт хэлэлцүүлгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-аас өчигдөр зохион байгууллаа. Манай улс авлигын индексээр дэлхийн 193 орноос 93, цахим системийн хөгжлийн индексээр 92, иргэдийн цахим оролцооны хөгжлийн индексээр 87-д жагсжээ. Өдгөө үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 4.4, гар утасных 3.2 саяд хүрсэн ч иргэдэд мэдээллийн технологийг таниулж, аюулгүй, зүй зохистой хэрэглүүлж хэвшүүлэх нь тулгамдсан асуудал болж буйг энэ үеэр хөндлөө. ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ “Манай улсын их, дээд сургууль төгсөгчдийн дөнгөж 2.4 хувь нь л харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэй байдаг. Олон улсын жишгээр энэ тоо багадаа 10 хувь байх ёстой. Мэргэжил эзэмшсэн гэх залуусын ур чадвар ч ямар байгааг та бүхэн мэднэ. Цаашид харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эрх зүйн орчин, интернэт сүлжээ, дэд бүтцийг нь сайжруулах, инновац, судалгааг хөгжүүлж, хөрөнгө оруулах чиглэлээр ажиллах зорилт тавьсан. “E Mongolia” төслийн хүрээнд ХХМТГ, Дэлхийн банктай хамтран Инновацыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр өнөөдөр (өчигдөр) нээлтийг нь хийж байна. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх дэвшилт технологи нэвтрүүлж буй гарааны бизнес эрхлэгчдэд уг хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх юм” хэмээв. E Mongolia системийг нээснээс хойш буюу долоон хоногийн хугацаанд давхардсан тоогоор 20 мянга гаруй үйлчилгээг иргэд цахимаар авчээ.
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, гишүүн Г.Дамдинням, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, “Гэрэгэ системс” компанийн захирал Ц.Эрдэнэбат, “Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, “Интерактив” компанийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр болон Б.Болор-Эрдэнэ дарга нар “Салбар хоорондын уялдаа холбоог хангах нь” сэдвээр ярилцлаа.
Монголын төр мэдээллийн технологийн төвүүд байгуулж, салбарынхаа компаниудтай өрсөлдөж байгаа нь буруу гэдгийг Б.Болор-Эрдэнэ онцоллоо. Тодруулбал, аль ч улсад төр нь мэдээллийн технологийн салбарын хамгийн том худалдан авагч байдаг аж. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг салбарыг хөгжүүлэх гэнэ. Цаашид мэдээллийн технологийн компаниудтай хамтран олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргахад анхаарахыг агентлагийн дарга хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал “Манай улс дижитал өрсөлдөх чадварын индексээр 63 орноос 62-т жагссан гэх судалгаа бий. Гэтэл программ хангамжийн компаниудтай танилцахаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргасан байдаг. Гагцхүү салбарын уялдаа холбоог хангаж, экосистемийг нь бүрдүүлж чадаагүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшил нь бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй, уялдаагүй ажилладаг. Нөгөөтээгүүр, дижитал өрсөлдөх чадварын индекс бол тоон үзүүлэлт. Улс бүр энэ салбарт ийм инновац нэвтрүүлснээр эдийн засагт ингэж эергээр нөлөөлсөн гэдгээ танилцуулж, индексээ өсгөдөг. Харин бид өөрсдийн ийм тоон үзүүлэлтээ гаргаж чаддаггүй. Тиймээс салбар бүр тоон үзүүлэлтээ сайн танилцуулдаг болох шаардлагатай” гэв. Мөн дэлхийн шилдэг их сургууль төгссөн, мэдээллийн технологийн нарийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийг төрийн албанд ажиллуулах боломжийг хуулиар хаасныг шүүмжлэв. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулиар уг албанд олон жил ажилласан хүн л дэвших, өндөр алба хаших зохицуулалттай аж. Тиймээс мэргэжлийн холбоодыг нэгтгэн, үйл ажиллагааг нь чанаржуулж, программист, инженерүүдийг аттестатчлан, чадвартай залууст төрийн зарим, төсөл, хөтөлбөрийг хариуцуулах хэрэгтэйг тэрбээр хэлэв.
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оноос хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүд технологи ашиглан, олон хэлбэрээр төлбөрөө авах боломж бүрджээ. Харин цаашид олон улсад хэрэглэж буй, гар утаснаасаа төлбөрөө төлөхөд ашиглах системүүдийг нэвтрүүлэхэд дэд бүтцийг нь шийдэхээр ажиллаж байгааг Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар онцолсон юм. “Гэрэгэ системс” компанийн хувьд 20 гаруй төхөөрөмж хөгжүүлж байгаа аж. Сайд, агентлагийн дарга нар хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахаар болдог ч үндсэн ажлыг нь хийх үүрэгтэй хэлтэс, албадын дарга “хөдөлдөггүй” хэмээн дээрх компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат хэллээ.