Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, “Номгон Санчир” группийн Ерөнхий захирал А.Адьяасүрэн энэ жилийн УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж, гишүүн болоод байгаа билээ.
Түүнийг "УИХ-д сонгогдохоосоо өмнө өөрийн компанидаа Гашуунсухайт-Ганц мод чиглэлд нүүрс тээврийн "С" зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн албан тушаалтанд 100 мянган ам.доллар өгсөн байж болзошгүй тул хэрэг үүсгэн шалгаж байна" гэж Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат өнөөдөр /2020.10.07/ мэдээллээ. Тус хэрэг өдгөө мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр А.Адьяасүрэн гишүүнийг УИХ-д сонгогдохоос өмнө буюу Ерөнхийлөгчийн албан бус зөвлөхөөр ажиллаж байх үед түүний хэргийг төрийн тэргүүн “царцаасан” гэх мэдээлэл байна. Хэрэв гишүүн бусдад авлига өгсөн нь шүүхээр тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хуультай.