УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо. Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуралдаанд танилцуулав. 2020 оны нэгдүгээр сард Оюуны өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулсан тул өмнө нь өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдэд зохих өөрчлөлт тусгах шаардлагатай аж. Байнгын хороодын гишүүдийн 83.3 хувийн саналаар үүнийг дэмжлээ.
Дараа нь Зарим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэв. Тодруулбал, 33 хууль, таван тогтоолын төслийг буцаахаар уг төсөлд тусгасан аж. Санаачилсан гишүүд нь сонгогдоогүй болон бусад шалтгаанаар эдгээр төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэхгүй гэж үзжээ. Харин өмнөх Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төсөл дээрх жагсаалтад багтаагүй буюу удахгүй хэлэлцэх гэнэ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Шүүхийн тухай хуулийн төслийг өмнөх Засгийн газраас өргөн барьсан. Шинэ УИХ, Засгийн газар бүрэлдсэн байхад үүнийг яагаад буцаахгүй байгаа юм бэ” гэж асуув. Үүний хариуд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Хуулиа уншиж, судал. Ц.Нямдорж гэдэг хувь гишүүн дахин сонгогдоогүй учир санаачилсан хуулийг нь буцаана. Харин Засгийн газар бол залгамж чанартай. Гүйцэтгэх засаглалын өмнөөс хууль өргөн барьсан бол буцаахгүй” гэсэн юм. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үүнд нэмэлт хариулт өглөө. Тэрбээр “Бид олонх болсон учир Засгийн газар хуулийн төслөө үргэлжлүүлж хэлэлцүүлнэ гэж шийдвэрлэсэн. Та нар олонх болохоороо ийм асуудалд өөрийнхөөрөө ханд. Шүүхийн тухай хуулийг бид нэн даруй өөрчлөх ёстой. Бид шүүхийг аль болох улс төрөөс ангид, хараат бус байлгах зарчмаар ажиллана” гэв.
Мөн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гаргасан юм. Учир нь уг хуулийг 1994 онд баталснаас хойш шинэчлээгүй, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа, Л.Мөнхбаатар нар өргөн барьсан бөгөөд одоо санаачлагчдын олонх нь сонгогдсон тул буцаахгүй байхыг хүслээ. Дараа нь үүгээр зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж, байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар мөн Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулах талаар хэлэлцлээ. Өмнөх ажлын хэсэгт нь УИХ-ын таван гишүүн байсан бөгөөд дөрөв нь сонгогдоогүй аж. Үүний ахлагчаар гишүүн Л.Мөнхбаатар, нарийн бичгийн даргаар тус хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбатыг томиллоо.