Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн “Хан-Уул”, “Шинэ хөгжил” цогцолбор сургууль, Баянтүмэн сумын ЕБС-ийн 3.200 сурагч гэр-сургууль-гэртээ эко автобусаар үнэ төлбөргүй зорчиж байна. Сургуулиасаа алс газарт оршин суудаг хүүхдүүдэд зориулан энэхүү үйлчилгээг нээсэн юм. Эко автобусанд нэг дор 14 хүн суух боломжтой аж.
Сурагчийн эко автобусыг "Монгол машин индустриал" ХХК-д үйлдвэрлэсэн бөгөөд сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 40 км цагаас дээш хурдалдаггүй, таван цаг цэнэглэхэд нэг дүүрэн цэнэгээрээ 80-100 км явах хүчин чадалтай, цахилгаанаар явдаг онцлогтой.
Сурагчдад эко автобусаар үйлчлэх жолооч нарыг сонгон шалгаруулж, сургалтад хамруулан батлагдсан маршрутын дагуу үйлчилж эхэлснээс хойш даруй жил гаруйн хугацаа өнгөрчээ. Эрсдэлгүй зорчих боломж бүрдсэнд эцэг эхчүүд, багш нар, сурагчид талархаж байгаагаа илэрхийлж байна. Дорнод аймгийн удирдлага цаашид эко автобусны тоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.