“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮК-ийн хэрэглэгчийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 3421-ээр буюу 19.3 хувиар өсжээ. Тодруулбал, нэг жилийн хугацаанд 421 аж ахуйн нэгж, 247 байгууллага, орон сууц, гэр хорооллын 2743 өрхөөр хэрэглэгчийнх нь тоо нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн тавдугаар сараас Өмнөговийн Цогтцэций сумын эрчим хүчний борлуулалтыг дээрх компани хариуцах болсонтой холбоотой аж. Тус компанийнхан өвлийн бэлтгэлээ 95 хувиар хангажээ. Тэд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засвар зургаа, урсгал засварын 43, аянгын улирлын үзлэг шалгалт дөрвийг хийхээр төлөвлөснөөс өнгөрсөн баасан гаргийн байдлаар 94-100 хувийг гүйцэтгээд байв. Мөн өмнөд болон говийн бүсийн салбарын засвар, үйлчилгээг хуваарийн дагуу гүйцэтгэн, ослын үед хэрэглэх нөөц сэлбэг, материалын бүртгэлийг шинэчлэн, бүрдүүлсэн гэлээ. Түүнчлэн энэ сарын 1-ний байдлаар 277.4 сая төгрөгийн авлага байгааг дурдлаа. Үүний 227.5 сая нь аж ахуйн нэгжүүдийн өр бол 49.9 нь айл өрхүүдийнх юм байна. Тэд дотоодод болон БНХАУ-ын Баяннуур аймагт үйлдвэрлэсэн эрчим хүчээр Өмнөговь аймгийн төв, 13 сум, Тавантолгой, Оюутолгойн уурхай зэрэг 17 726 цэгийг хангаж буй.