Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт усны нөөц 564.8км3 байна. Үүнээс нуур, тойром 500.0 км3 , Гол мөрөн 34.6км3 Мөстөл 19.4км3 Газрын доорх ус 10.8км3 байна. 2019 онд 81 гол, мөрөн 81, 287 булаг, шанд, 78 нуур, тойром, 11 рашаан сэргэсэн бол эсрэгээрээ 6,161 гол мөрөн, 12,591 булаг шанд, 3895 нуур тойром, 512 рашаан ширгэсэн гэсэн судалгаа бий. Мөн 2050 онд Улаанбаатар хот усны хомстолд орно гэсэн тооцоолол байгааг мэргэжилтнүүд хэлээд буй.
Тэр ч утгаараа иргэдийн усны зүй зохисгүй хэрэглээг багасгах, усаа зөв хэрэглэх мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хийгдэж байгаа арга хэмжээнүүд нэлээдгүй өрнөсөөр байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 04-нөөс эхлэн Экологийн цагдаагийн алба болон Засгийн газрын хэрэгжүүлэгч усны агентлагийн хамтарсан "Цэнхэр алт усаа хайрлая" аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулсан байна. Энэхүү аяны хүрээнд хийгдсэн ажил болоод арга хэмжээний талаарх мэдээллийг Экологийн цагдаагийн алба болон Засгийн газрын хэрэгжүүлэгч Усны агентлагийн газраас тодрууллаа.
Өдөрт гурван тонн цэвэр усыг машин угаагаад дуусгаж байна
Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Г.Түмэн од:
Монгол орны хэмжээнд усны нөөц багасах, иргэдийн цэвэр усны зүй зохисгүй хэрэглээ нь бидний үр хойчид усны хомстол үүсгэх нөлөөтэй учир "Ойн модоо хайрлая-Цэнхэр алт усаа хайрлая" аяныг манай Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч Усны агентлагтай хамтран өнгөрсөн сарын 04-нөөс эхлэн сарын хугацаанд хэрэгжүүллээ.
Аяны хүрээнд ирээдүйд алтнаас үнэтэй зүйл ус гэдгийг хүмүүст ойлгуулж, усыг хэрхэн хайрлаж, гамнах, зөв хэрэглэх өдөр тутмын дадал хэвшлийг олон нийтэд хүргэх үүднээс устай холбоотой видео цацаж, сурталчилгаа, тараах материалуудыг тараасан. Мөн мэргэжлийн байгууллагуудаас гадна төрийн болон, төрийн бус аж ахуй нэгж байгууллагууд, иргэд, сургууль, цэцэрлэгүүдийн багш, ажилчид хамтран ажилласан. Түүнчлэн усны талаар хяналт шалгалтын ажлууд хийгдсэн. Тухайлбал, нийслэлд 197 авто угаалгын газар байдаг. Нэг машиныг 60-100 литр усаар угаадаг гэж үзэхэд өдөрт гурван тонн цэвэр усыг машин угаагаад дуусгаж байна. Үүнээс 17 авто угаалгын газар саарал усыг ашигладаг гэсэн үр дүн гарсан.Өөрөөр хэлбэл, машин угаасан усаа дахин боловсруулж, цэвэршүүлээд дахин ашигладаг байна. Тэр ч утгаараа бид дээрх жишээн дээр үндэслэн саарал усыг ашиглах талаар аж ахуй нэгжүүд болон иргэдэд уриалсан "хэмээв.
Ойн модны 90 хувь нь хүний буруутай үйлдлээс сүйддэг
Үргэлжлүүлэн тэрбээр "Ой модоо хайрлая" аяны хүрээнд мэргэжлийн байгууллагаас манай орны 7,9 хувь нь ойгоор бүрхэгдсэн талбайтай гэсэн тооцоо бий. Үүний таван хувийг хуш мод эзэлдэг. Тэр ч утгаараа иргэд хуш модны самрын авах гэж модоо гэмтээх асуудлууд үүсч байна. Хяналт шалгалтын хүрээнд ч нэлээд илэрч байна. Тиймээс бид энэ тал дээр анхаарч аяны хүрээнд хөдөө орон нутаг болон нийслэл хотын ногоон бүсэд хяналт шалгалт явуулсан. Мөн бусад ойн гэмт хэргүүд дээр зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авсан.
Мөн энэ талаар БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл энэ 7,9 хувийн газрыг бид бодлогын хэмжээнд авч үзэж, 8,6 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг тавьж байгаа юм билээ. Мөн ойн модны 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас сүйддэг гэсэн тооцоо судалгаа бий. Үүнтэй холбогдуулан хүний хандлагад чиглэсэн нөлөөллийн ажлуудын хийе гэсэн үүднээс дээрх аяныг зохион байгуулсан юм" гэлээ.
Харин Усны газрын дарга Ш.Мягмар хэлэхдээ "Усны салбар үүсээд 80 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид түүхэндээ яам болон агентлагтай байсан. Харин 2012 онд Усны агентлагийг төсвийн хэмнэлт нэрээр татан буулгасан. Түүнээс хойш найман жилийн дараа дахин байгуулсан. Энэ хугацаанд Монгол орны усны нөөцийг хамгаалах төрийн бодлого үгүйлэгдэж байсан. Агентлаг байгуулагдсанаар усны талаарх хууль, бодлогыг хэрэгжүүлэхээс гадна хүн амыг чанарын шаардлага, баталгаатай усаар хангах, устай зөв харилцах зөв дадлыг бий болгоно. Мөн усны аюулгүй байдлыг хангана" гэдгийг онцлон хэллээ.