Сэлэнгэ аймаг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-2020” нэгдсэн үйл ажиллагааг өнгөрсөн 9 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Мишээл Экспо” төвд зохион байгуулсан. 15 дахь жилдээ болж буй эл ажил “Алтан намар-2020” уриан дор “Эрүүл хүнс-2020” шинэ ургацын төмс, хүнсний ногоо болон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар үргэлжилсэн юм.
Энэхүү үйл ажиллагааг гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, хэрэгцээт хүнсээр дотоодын үйлдвэрлэлээ хангах, импортыг орлох, экспортыг дэмжих зорилгоор жил бүр явуулдгаараа онцлогтой юм. Алтан намар үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн Мандал, Жавхлант, Сүхбаатар, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Шаамар, Орхон, Хушаат сумын нийт 41 ногоочин, хүнс үйлдвэрлэгчид оролцжээ. Дээрх баялаг бүтээгчид 2200 ширхэг хмелийн талх, 1100 ширхэг утсан загас, 350 тн төмс, 800 тн хүнсний ногоо, 7000 ширхэг даршилсан ногоо, 1100 ширхэг жимс, жимсгэний суулгац, 2.2 тн зөгийн бал борлуулсан байна. Тэд долоо хоногийн турш нийслэлийн ард иргэддээ экологийн цэвэр хүнс болох төмс, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилж, 780 сая төгрөгийн орлого олсон аж.
Энэхүү “Намрын ногоон өдрүүд-2020” нэгдсэн үйл ажиллагаанд оролцож буй баялаг бүтээгчдийн дунд шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ удаа “Зохион байгуулалт сайтай оролцсон сум”-аар Зүүнбүрэн, “Шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочин”-оор Мандал сумын ногоочин А.Отгончимэг, “Шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочин”-оор Шаамар сумын ногоочин С.Ширнэн, “Хамгийн их олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин”-оор Сүхбаатар сумын ногоочин Б.Цэцэгээ, Шаамар сумын ногоочин М.Ариунаа нар шалгарч өргөмжлөл, цомоор шагнуулсан аж.
Мөн энэ үеэр нийслэлийн таван дүүргийн 19 цэгт 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон ногоочдыг урамшуулсан байна. Энд “Шилдэг ногоочин”-оор Зүүнбүрэн сумын ногоочин Д.Алтанцэцэг, Шаамар сумын ногоочин Б.Нандин-Эрдэнэ, Мандал сумын ногоочин Р.Нармандах, Мандал сумын ногоочин Ч.Эрдэнэсувд нар шалгарч урамшуулал хүртжээ.