Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн нутаг Могойн болон Зулзагын гол дагуу нутагладаг 10 гаруй малчны хотонд хүрэн баавгай орж, 30 гаруй бог идсэн гэсэн орон нутгийн иргэдийн дуудлагын дагуу байгаль хамгаалагчид газар дээр нь ажиллаад иржээ. “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн С.Дамдинсүрэн “Сүүлийн 20-иод хоногт баавгай малчдыг айдаст автуулж, нүүхэд хүргэжээ. Тус нутагт баавгай хэзээнээсээ нутагшдаг ч сүүлийн үед малчдын хот, гэр лүү халдах нь олширлоо. Энэ нь Хүйтэний гол дагуу алтны уурхай олширч, хүний хөл хөдөлгөөн ихсэн, зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдсантай холбоотой гэж үзэж байна. Бид айлуудад очиж, баавгай дайрсан үед ямар арга хэмжээ авч, амиа хамгаалах талаар зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа” гэв.