Өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд түүний төрсөн ах Санжаасүрэнгийн Баяр тэргүүтэй Монголын ардчилсан хөдөлгөөний журмын нөхөд, УИХ-ын зарим гишүүн хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан хэлэхдээ "Энэ хэрэг илрэнэ шийдэгдэнэ гэдэг тал дээр Ардчилсан намынхан ард түмэнтэйгээ ижил хүлээлт өндөртэй байна. Өнгөрсөн сонгуулиар бүрдсэн Ардчилсан намын бүлгийн 11 гишүүн ардчиллын лидерийнхээ амь нас үрэгдсэнтэй холбоотой гэмт хэргийн талаар байнга шахаж шаардаж ажиллах болно.
Бид хуулийн байгууллагыг давж юм ярих боломжгүй. Асуудал нэг тийш шийдэгдсэн гэсэн ч ард нь эрүүдэн шүүлт байсан. Хэдий тийм боловч ял авч шийтгэгдсэн хүмүүс нь суллагдаагүй гээд маш олон ээдрээтэй асуудал байна. Үүний үзүүр, гогцоог олохын тулд бид тууштай эцсээ хүртэл явна" гэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "С.Зориг, Г.Батхүү агсны хэргүүд улс төрийн аллага гэдэг нь тодорхой. Иймээс миний бие болон манай намын тусгай хяналтын дэд хороо илрүүлэхийн төлөө ажиллах ёстой учраас дахин шинэ шатанд нэхэн явья гэж ярьсан" хэмээв.
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан одоогоос 22 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан. 2016 онд буюу 18 жилийн дараа уг хэргийг илрүүлснийг зарласан ч захиалагч илрээгүй. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган, ял сонсгоод байгаа билээ.