Төрийн банканд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн байршуулсан мөнгөнөөс хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээгээр завшиж байсан гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг ЭЦА-ныхан 2018 оны аравдугаар сарын сүүлчээр шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийг шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэн, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж, прокурорын хяналтад хүргүүлжээ. Хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд “Тус банкны Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, VIP теллер Б.Мөнхсүрэн нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад, өнгөрсөн тавдугаар сард прокурорын хяналтад шилжүүлсэн. Өдгөө ямар шатанд явааг тус байгууллагынхан мэдэх учиртай” гэсэн юм. Өнгөрсөн тавдугаар сард ийнхүү шилжүүлснээс хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрөхөд хэргийг шүүхэд шилжүүлээгүй, хаана байгаа нь тодорхойгүй сураг алдарчихав.
Төрийн банкныхантай холбоотой дуулиан үе үе дэгддэг. Хамгийн сүүлд гэхэд л тус банкны ажилтан Чингэлтэй дүүргийн нутаг, Зурагтын эцэс дэх АТМ-ын хяналтын камер нь ажиллахгүйг далимдуулан их хэмжээний мөнгө хулгайлсан хэргийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байгаа билээ. Үүнээс өмнө тус банкны захирлуудын авлига, хээл хахуулийн хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. Харин өдгөө Тээврийн товчоон дахь тооцооны төвийн ажилтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгийг завшсан байж болзошгүй хэргийг хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй байна.
Хэргийг эргэн сануулахад, дээрх салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, VIP теллер Б.Мөнхсүрэн нар хуйвалдан хадгаламж эзэмшигчдийн дансны мэдээлэлд нэвтрэн их хэмжээний мөнгөтэйг нь мэдээд хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан хэрэгт холбогдоод буй. Тэд 2018 оны тавдугаар сарын 29-нөөс хойш 44 иргэний нэр дээр хоёр тэрбум гаруй төгрөгийн, 70 зээлдэгчийн нэр дээр 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй зээл гаргаж банкандаа их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдсан.
Банкаар тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэдийн мэдээллийг албан тушаалаа ашиглан судалж, мөнгийг нь барьцаалан зээл авч, хүүний төлөлт нэртэйгээр шилжүүлэн завшсан нь тогтоогдсон гэдэг.
Бэлтгэсэн: Г.Равжаа