Өнөөдөр оройны 20.00 цаг хүртэл Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг түр хаалаа. Тодруулбал, орон нутаг цас хэмжээгээр орж, халтиргаа үүссэний улмаас Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр зарим аймаг сумдын гарах хөдөлгөөний замыг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргасан.
Тэр ч утгаараа өнөөдөр өглөө Улаанбаатар-Арвайхээрийн замыг нээж, харин Улаанбаатар -Дархан чигэлийн замыг оройны 20.00 цаг хүртэл түр хязгаарлалаа.
Харин өнөөдрийн байдлаар нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим нутгаар цас орсонтой холбоотойгоор орон нутгийн авто замд халтиргаа гулгаа үүссэн байна. Тухайлбал,
• Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 72-260км хооронд зорчих хэсэгт үүссэн 5-50см зузаантай тогтсон цасыг “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-аас авто замын бэлэн байдлыг хангуулахаар ажиллаж байна.Дээрх замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удаашралтай байна.
• Улаанбаатар-Дархан чиглэлийн 52н давааны замын нөхцөл байдал хүндэрч хөдөлгөөн зогссон, цасан шуургатай байна.
• Улаанбаатар-Дундговь чиглэлд Ногоон довийн даваа цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн удаашралтай байна.
Түүнчлэн Дундговь, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн өмнөд хэсэг, Дорноговь аймгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, авто замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа тул иргэд, зорчигчид техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, албан ёсны бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчиж, GPS-ийн 24 цагийн хяналтан дор аюулгүй, баталгаатай тээвэрлэлийг сонгон үйлчлүүлэхийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.