ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай цахим хурал хийж, үүрэг чиглэл өгсөн юм.
Харин энэ үеэр аймгийн удирдлагууд бэлчээр, зудын эрсдэл, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн тухай, мах, мал бэлтгэлийн тухай, отор нүүдэл, малын эрүүл мэнд шилжилт хөдөлгөөний талаар яамны холбогдох газрын дарга нар мэдээлэл хийв.
Цахим хурлын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дараах үүрэг чиглэлийг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгон өглөө. Тухайлбал,
-Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт оруулах малыг эрүүл ахуй, угаалга, туулгад нэг бүрчлэн хамруулах,
-Аймаг, орон нутгийн удирдлагууд өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг шуурхайлах,
-Эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, бэлчээрийн даацад малын тоог тохируулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэгдсэн байна.