Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Москва хотод хүрэлцэн ирэв.
Н.Энхтайван сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авав.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ.
Мөн 2019 онд байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г соёрхон баталсан Батламж жуух бичгийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцох ба ингэснээр уг гэрээг хүчин төгөлдөр болох юм