Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх сарын 15-нд болно. Уг сонгуулийн дүнд сонгогдсон төлөөлөгчдөд үнэмлэхийг нь гардуулснаар одоогийн төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм. Нийслэлийн ИТХ өчигдөр бүрэн эрхээ өндөрлүүлж, хүндэтгэлийн хуралдаанаа хийлээ. Өөрөөр хэлбэл, ирэх сонгууль хүртэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчид дахин хуралдахгүй аж. Уг хуралдаанаар өнгөрсөн дөрвөн жилийн алдаа, оноогоо дүгнэн ярилцав. 2016 онд тус хурал байгуулагдахдаа С.Батболдыг хотын даргаар томилуулж, ИТХ-ын даргаар Ц.Сандуйг сонгосон. Гэвч жилийн дараа буюу 2017 оны есдүгээр сард Ц.Сандуйг огцруулж, 2018 оны арванхоёрдугаар сард С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүний дараагаар нийслэлийн ИТХ-ын даргаар одоогийн УИХ-ын гишүүн С.Амарсайханыг сонгож байв. Тэрбээр хоёр жил шахам хугацаанд ажилласны эцэст өнгөрсөн оны хоёрдугаар сард ажлаа өгч (түүний оронд төлөөлөгч Р.Дагва сонгогдсон), удалгүй хотын даргаар томилогдсон юм. Нэг жил гаруйн хугацаанд Улаанбаатар хотыг удирдсаны дараа С.Амарсайхан УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, албаа орлогч Ж.Батбаясгаландаа хүлээлгэж өгсөн. Тодорхой хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн ИТХ гурван даргын нүүр үзэж, нийслэл хотыг хоёр, нэг жилийн хугацаатай хоёр хүн удирдаж, 54 хоног Засаг даргагүй байжээ. Тус хуралд МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч “суусан” билээ.
42 УДАА ХУРАЛДАЖ, 109 ТОГТООЛ БАТАЛЖЭЭ
Өчигдрийн хуралдааныг нээж нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн ИТХ нь 1989 оноос хойш гүйцэтгэх засаглалаас бие дааж, дарга, орлогч дарга, тэргүүлэгчтэй болсон. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталснаар нутгийн өрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр, орон нутгийн долоо дахь удаагийн сонгуулийн дүнд байгуулсан нийслэлийн ИТХ хүндэтгэлийн хуралдаанаа хийж байна. Дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн иргэдийн төлөөлөл болж, төр, иргэний гүүр байж, Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө ажилласан та бүхэнд талархал илэрхийлье. Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгах, иргэдийн ажиллах, амьдрах орчин, эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй байх чиглэлээр бид олон шийдвэр гарган ажилласан” хэмээв. Мөн иргэнийхээ эрх ашгийг дээдлэн, улстөржилтөөс аль болох ангид байж, шударга, бүтээлчээр ажиллахыг эрхэмлэх зорилтоо тус хурлынхан хэрэгжүүлсэн гэж үзэж байгааг тэрбээр онцолсон юм. Нийслэлийн ИТХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ээлжит, ээлжит бус 42 удаагийн хурал хийж, 109 тогтоол баталжээ. Мөн тэргүүлэгчид нь 129 удаа хуралдаж, 783 тогтоол, шийдвэр баталсан аж. Засгийн газрын 62 дугаар тогтоол буюу агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сайжруулсан түлш түгээх, хэрэглүүлэхэд анхаарч, утааг 50 хувиар бууруулсныг хурлын үеэр онцлов. Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Налайх, Баянзүрх, Яармаг, Сонсголонд шинэ гүүр барьж, долоон эмнэлэг, 77 цэцэрлэг, 33 сургууль ашиглалтад оруулсан аж. 516 айлын газрыг чөлөөлж, 6613 өрхийн орон сууц ашиглалтад оруулсныг онцлов. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Хот, тосгоны болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийн төлөөлөгчид саналаа тусгасан юм.
“УЛААНБААТАР ХОТОД ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ НҮҮРЛЭН, 54 ХОНОГ ЗАСАГ ДАРГАГҮЙ БАЙСАН”
Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дөрвөн жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг “хэвтэрт орсноо” зарласан хүндхэн үе байсныг онцолж, хамтдаа зүтгэн хэрэгжүүлсэн ажлуудыг дурдсан. Ирц, идэвх, тойрогтоо хийж, хэрэгжүүлсэн ажил, гаргасан санал санаачилга нь олны талархал хүлээсэн зэрэг үзүүлэлтийг харгалзан, нийслэлийн ИТХ-ын ажлын албанаас сайн үнэлгээ авсан зарим төлөөлөгчид баяр хүргэв.
Дараа нь нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат сөрөг хүчний байр суурийг сонсгосон юм. Тэрбээр “Олон жил хийхийг зорьж ирсэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Харин нийслэлийн гэр хороолол, захын хэсгүүдэд хөрөнгө оруулахгүй, хотын төвд 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьсан. Ач холбогдлын хувьд алдаатай хөрөнгө оруулалт хийж ирснийг сөрөг хүчний зүгээс бид удаа дараа шүүмжилсэн. Хотын иргэд ялгаварлалтай, хоёр өөр орчинд амьдарч буйд санаа зовниж байна. Нийслэлийн замын түгжрэлийг буруулах талаар дорвитой ажил хийгээгүйгээс өнөөдөр ямар байгааг та, бид мэднэ. Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх талаар АН-ын бүлгийн зүгээс санал оруулсан ч олонхоор хүч түрэн шийдвэр гаргасан. Нийслэлийн ИТХ дахь олонх дотооддоо үл ойлголцож, хотын даргыг хоёр, хурлын даргыг гурав, Тамгын газрын даргыг таван удаа сольсон. Улаанбаатар хотод засаглалын хямрал нүүрлэн, 54 хоног Засаг даргагүй байсныг бид мэднэ. 2016- 2020 онд “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг эрх баригчид дэвшүүлж ажилласан. Аз жаргалыг хэмжихэд бэрх тул дүгнэлт гаргах эрхийг нийслэлчүүддээ үлдээх нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд хуралдаа огт суудаггүй төлөөлөгч байсан. Тиймээс цаашид төлөөлөгчид ёс зүйтэй, хариуцлагатай байхыг хүсье. Сарын дараа болох нийслэлийн ИТХ-ын хурлын сонгуульд идэвхтэй оролцож, зөв сонголт хийгээсэй” хэмээв.