Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамны төлөөллийг багтаасан, ипотекийн зээлийн хүүг бууруулах ажлыг судлах ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан. Ажлын хэсгийнхэн орон сууцын зээлийн хүүг наймаас зургаан хувь хүртэл бууруулах санхүүгийн боломжийг судалж байгаа. Тэд эх үүсвэрийн зардлыг багасгаж, зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж, холбогдох тооцооллыг хийж буйг эх сурвалж дуулгалаа. Монголбанк арилжааны банкуудад орон сууцын зээл олгоход зориулан жилийн хоёр хувийн хүүтэй санхүүжилт олгож буй. Ипотекийн зээлийн хүүг бууруулахын тулд Төвбанкны санхүүжилтийн хүүг нэг хувь хүртэл доошлуулах боломжтой гэнэ. Мөн ипотекийн зээл барьцаалсан үнэт цаасны эрсдэлийн сангийн шимтгэлийг бууруулах боломжтой аж. “Монголын ипотекийн корпорац” орон сууцын зээлийн эрсдэлийг хаах зорилгоор нийт хүүгийн хоёр хувьтай дүйх хэмжээний хуримтлалаар сан үүсгэдэг юм байна. Үүнийг нэг хувь болгосноор нийт эх үүсвэрийн зардал хоёр хувиар багасах юм. Ингэснээр орон сууцын зээл зургаан хувийн хүүтэй болно гэж үзэж байгаа аж. Орон сууцын зээлийн эрсдэл бага, үүнээс гадна эрсдэлийг хаахад хүрэлцэхүйц хуримтлал санд үүссэн учраас шимтгэлийн хэмжээг бууруулах боломжтой гэж үзжээ.