Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр улс орноо хөгжүүлэхийн тулд ямар бодлого, зорилт хэрэгжүүлэх талаар ярилаа. Тэрбээр дараах долоон зорилтыг дэвшүүлэв.
У.Хүрэлсүх: Ойрын 8-12 жилийн хугацаанд эх орноо хөл дээр нь босгох шаардлагатай байна. Үүний тулд нэгдүгээрт, эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, дотоодынхоо хэрэглээг бүрэн дүүрэн хангах.
Хоёрдугаарт, шатахууныхаа хэрэглээг дотоодоосоо хангадаг болох. Тиймдээ ч газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байна. Энэ төсөл одоогоор амжилттай хэрэгжиж байна.
Гурвдугаарт, хүнснийхээ хэрэглээг дотоодоосоо хангах. Бид магадгүй элсэн чихэр, цагаан будаа, шар будаа ургуулж чадахгүй байх. Бусдыг нь бол бид дотооддоо үйлдвэрлэж чадна.
Дөрөвдүгээрт, цементнийхээ хэрэглээг дотоодоо хангах нь чухал. Одоогийн байдлаар энэ чиглэлд томоохон үйлдвэрүүд ашиглалтад оруулсан.
Тавдугаарт, Гангийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Тэгж чадвал монголчууд хямд орон сууцанд сууна. Барилга байгууламжийн үнэ буурна.
Зургадугаарт, зам тээврийн дэд бүтцийг сайжруулах. Засгийн газар Дорнод аймгийн Эрээнцаваас Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэл төмөр зам тавихаар төлөвлөсөн. Ингэснээр ОХУ, БНХАУ-ыг төмөр замаар холбосон боомттой болно. Мөн энэ жил 21 аймгаа нийслэлтэй авто замаар холбож дуусна. Цаашлаад бүх суурин газрууд руу авто зам тавина.
Долдугаарт, мэдээлэл, тенхологи, харилцаа холбооны асуудал. Монгол Улсыг хөгжүүлэхэд энэ маш чухал. Нутаг дэвсгэр дээгүүрээ аалзны тор хэрсэн мэт мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох ёстой. Иргэд хаанаас ч төрийн үйлчилгээг шууд авдаг болох ёстой.
Дээрх зорилтуудыг хэрэгжүүлсэн цагт Монгол Улс хөгжинө. Боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудал ч шийдэгдэнэ. Эдгээр зорилт нь монгол хүний эрүүл мэнд, мэдлэг боловсролтой шууд холбоотой. Энэ бүхнийг төрийн албан хаагчид та бүхэн монгол төрийн бодлого гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.