Орон нутгийн сонгууль ойртож байгаатай холбогдуулан "Соён гэгээрүүлэгч" телевиз, Эрдэмтэн мэргэдийн зөвлөл хамтран "Монголын улс төрийн өнөөгийн байдал, шийдэл гарц" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Хурлаар Монголын улс төрд тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцүүлэх гэнэ.
Энэ талаар "Соён гэгээрүүлэгч" телевизийн ерөнхий захирал Ш.Хишигсүрэн "Монголын улс төрд 36 нам үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч судалгаагаар иргэд, сонгогчдын 60-80 хувь нь улс төрийн намд итгэхгүй гэсэн хариулт өгсөн. Энэ нь Монголын улс төрийн салбар мухардалд орсныг харуулж байгаа юм. Ард түмэн намуудаас бодлогын өрсөлдөөн, чадамжийг хүлээж байна.
Тийм учраас "Соён гэгээрүүлэгч" телевиз Эрдэмтэн мэргэдийн зөвлөлтэй хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Хуралд 36 намын дарга нарыг хүрэлцэн ирэхийг уриалж байна. Нэгэн дээвэр дор хамтдаа цуглаж улс төрийн нөхцөл байдлаа оношлож, шийдэл гаргалгаагаа ярилцъя" гэв. Тус эрдэм шинжилгээний хурал ирэх долоо хоногийн Даваа гарагийн 14:00 цагт зохион байгуулагдах аж.