Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.11, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим бүлэг, заалт “Эцэг хууль”-ийг зөрчсөн гэж үзэн, Үндсэн хуулийн цэцэд иргэнээс мэдээлэл ирүүлжээ. Үүнийг Цэц өнгөрсөн баасан гарагт дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд, Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ. Тодруулбал, Үндсэн хуулиар тогтоосон прокурорын чиг үүргийн хүрээнд хуулиар тодорхойлсон бүрэн эрхтэй нь уялдуулан прокурорын дүгнэлт, эсэргүүцэл гаргах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.11, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт зохицуулсан. Энэ нь “Эцэг хууль”- ийн 38.1, 47.1, 56.1 дэх хэсгийг зөрчиж, Засгийн газрын болон шүүх, прокурорын Үндсэн хуулиар тодорхойлсон бүрэн эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй хэмээн Цэц дүгнэжээ.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1.1, 7.6.1 дэх хэсэг, мөн наймдугаар бүлэг нь Үндсэн хуулийн 14.1, 48.1 дэх хэсгийг зөрчсөн, эсэх тухай маргаан нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн зөрчлийг төрөлжүүлэн хуульчлах, заалт хоорондын уялдаа хамаарлыг сайжруулахтай холбоотой асуудал гэж үзэн, хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох Үндсэн хуулийн цэцийн магадлал гаргасан байна.
Бэлтгэсэн: Б.Нандин