Тайванийн нэгэн их сургуульд сурч байсан монгол оюутан саяхан учир битүүлгээр амиа алджээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр Тайванийн Ченкунгийн их сургуулийн оюутан 19 настай Дөлгөөний цогцсыг тэндхийн хууль хяналтын байгууллагынхан далайн эргээс олсон гэнэ. Энэ талаар ГХЯ-ны Консулын хэлтсийн ажилтнаас тодруулахад “Саяхан манайд Тайваньд сурдаг залуу амиа алдсан тухай мэдээлэл ирсэн.
Энэ дагуу бид ар гэрийнхэнд нь хэл дуулгаж, гэрийнхнийг нь Тайвань руу очиход тусалсан. Үүнээс илүү мэдээлэл бидэнд алга” гэлээ. Өөр нэгэн эх сурвалжаас уг мэдээллийг лавлахад “Ээж нь талийгаачийн цогцсыг авахаар Тайваньд очоод өнгөрсөн бямба гаригт Монгол руу буцсан. Нас барсан залуугийн цогцсыг чандарлаж авчирсан” гэв. Тайваньд сурч буй нэгэн монгол оюутнаас болсон явдлыг тодруулахад “Түүнийг сураггүй алга болохоос 4-5 хоногийн өмнө тэнд сурдаг монгол оюутнууд цуглаж нэгнийхээ төрсөн өдрийг тэм дэглэсэн юм.
Цаг нэлээд орой болсон хойно, 02.00 цагийн үед Дөлгөөн ганцаараа оюутныхаа байр руу явсан. Гэвч тэр оюутны байрандаа ирээгүй байсан. Алга болсноос нь хойш тав хоногийн дараа түүний цогцсыг далайн эргээс олсон гэсэн. Тайванийн хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг золгүй явдал гэж үзэж байгаа” гэлээ.