Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна.
Уг нь Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан тушаалд тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилох ёстой. Тэгвэл сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын 14 яамны заримд нь Төрийн нарийн бичгийн даргыг нь сонгон шалгаруулалтгүйгээр томилсон. Тухайлбал, Г.Эрдэнэбатыг Соёлын, Б.Баасандоржийг Хууль зүй, дотоод хэргийн, Д.Батбаатарыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар шууд томилоод буй. Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар “жинхлээд” удаагүй байгаа Я.Амаржаргал нь уг албанд түр орлон гүйцэтгэгчээр жил орчим ажилласан нэгэн. Тэрбээр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга байхдаа Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлож байсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс зарласан уг албан тушаалын сонгон шалгаруулалтад хоёр удаа орж, нөөцөд бүртгэгдсэнийг яамнаас нь уламжлав. Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байхдаа Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Насантогтохыг мөн саяхан “жинхэлжээ”. Харин өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаярыг томилохдоо сонгон шалгаруулалтын дүнг үндэслэсэн гэдэг. Үндсэндээ эдгээрээс бусад нь “хуучин” Төрийн нарийн бичгийн дарга, тэднийг солих, эсэх нь одоогоор тодорхойгүй.
Сонгон шалгаруулалтгүй хийсэн томилгоонуудынхаа тухайд Засгийн газрын зүгээс Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг барьж шийдвэрлэж байгаа түр зохицуулалтуудын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ хэмээн тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед буюу урт нэртэй энэ хууль үйлчлэх үед л хүчинтэй түр томилгоо юм байх. Цар тахал намжиж, цаг сайхан болохоор Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтаа зарлаж, Төрийн нарийн бичгийн дарга нараа хууль ёсоор томилох бололтой. Цар тахлын үед баримтлах хууль, журам нь манайд ялгавартай үйлчилж буй дүр зураг төрийн албаны томоохон томилгоо, шалгаруулалтад тусгалаа олсон нь энэ. Жишээ нь, коронавирусийн аюул Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад оролцох хүмүүст хамаагүй, бусдад нь “үйлчилдэг” хэвээр гэсэн үг үү. Нэг, хоёр яаманд сонгон шалгаруулалт зарлаж болсон юм чинь бусдад нь яагаад шууд томилгоо хийхээс татгалзаж чадсангүй вэ.
Нөгөө талаас Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн захиргааны албан тушаал бөгөөд ангилал, зэрэглэлийн хувьд хамгийн “том” нь буюу тэргүүн түшмэл. Улс төрийн сонгуулийн дүнгээр нам солигдож, сайд, дэд сайд ирж, буцахад Төрийн нарийн бичгийн дарга нь торойгоод үлдэх учиртай. Төрийн алба улс төрөөс хараат бус, мэргэшсэн бөгөөд залгамж, халаатай байх том агуулгыг тээгч нь Төрийн нарийн бичгийн дарга гэсэн үг. Тиймээс ч төрийн албан хаагчид тавих нийтлэг шаардлагуудыг хангахаас гадна төрийн албанд 16-гаас доошгүй, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх ёстой. Эрхэлсэн түшмэл гэдэгт яамны газар болон хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаардаг. Тэгвэл өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга нар энэ шаардлагыг хангаж байна уу.
Жишээ нь, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нь 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар томилогдож, улмаар энэ оны хоёрдугаар сараас дээрх албыг хашиж байна. Түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилох үед Төрийн албаны тухай хуулийг шинээр мөрдөж эхлээд байв.