Иргэд самар түүхдээ хуш модыг ихээр гэмтээдэг. Үүнээс болж Монгол орны хушин ойн 70-80 хувь устах магадлалтайг албаныхан анхаарууллаа. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас Хандгайт, Шаргаморьт орчмоос иргэд самар хууль бусаар түүх зөрчил түгээмэл буйг мэдээлсний дагуу нөхцөл байдлыг сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд явлаа. Шаргаморьт зусланд өвөл, зунгүй амьдардаг Н-ээс хаанаас самар түүж болохыг лавлахад “Манай гэрийн дээд талын ууланд оч. Тэнд хэдэн хүүхэд самар түүж, цайруулдаг юм. (боргоцойн самрыг ялгаж авах) Өчигдөр цайруулах машинаа гагнуулаад, өглөө самар түүхээр гарна гэж байсан. Модыг хүчтэй цохиж самрыг нь унагдаг учир та хоёр барахгүй. Тэр хүүхдүүдэд хэлбэл нэг шуудайг асуудалгүй түүгээд өгнө” гэлээ. Түүнтэй цөөн хором ярилцав.
Хүнд “зодуулсан” мод чийгээ хурдан алдаж, үхэх аюултай
-Энд самар түүхээр олон хүн ирж байна уу?
-Олон шүү дээ. Энэ жил самар элбэг байгааг ч хэлэх үү, өчнөөн хүн ирж байна. Нэг хэсэг нь ууланд байрлаж, хэд хонодог. Зарим нь манайд хоноод, өглөө нь уул руу явдаг.
Түүний гэр лүү явах замд шуудай үүрсэн идэр насны эр гараа өргөв. Мужаан “Хүүе наад хүнээ авчих, самар түүхээр явж байгаа юм” гэлээ. Тэр хүнийг М гэдэг аж. Тэд ийнхүү ярилцав.
М: -Аштай юу даа. Яаж дээшээ алхах вэ гэж бодож байлаа.
Н: -Энэ хоёр бас самар түүхээр явж байна. Чи шуудайг нь дүүргээд өгөөрэй.
М: -Өө асуудалгүй. Манай хэд гарчихсан уу?
Н:-Өчигдөр техникээ засуулсан. Өдийд гарсан байх.
М: -Би өнөө орой танайд хонож болох уу, ах аа.
Н: -Бололгүй яах вэ. Дээвэр дээр унтаж болно гэв.
Цааш явахдаа нөгөөх “самарчнаар” зам заалгаж, газар дөхөв. Ойрын өдрүүдэд бороо ихтэй байсан тул уулын зам дэвтэж, өгсүүр газарт машин явах аргагүй болжээ. Машинаа уулын бэлд үлдээж, цааш явган мацахдаа түүнээс хэдэн зүйл асуув.
-Хэзээнээс самар түүж эхэлсэн бэ?
-Арав гаруй хонож байна. Дөрвөн шуудай цайруулсан самар зараад л 1.2 сая төгрөгтэй боллоо. Хэн надад ийм их мөнгө өгөх вэ дээ. Өчигдөр Хандгайт руу гарсан. Машины зам нь уултайгаа ойрхон байдгийг ч хэлэх үү, очих газартаа амархан хүрсэн.
-Самар түүх хугацаа болоогүй. Цагдаа шалгахгүй байна уу?
-Шалгаж байгаа гэсэн. Аль болох баригдахгүйг л хичээнэ шүү дээ. Самар унагах нь асуудал биш. Мод руу том чулуу шиднэ, эсвэл хатуу зүйлээр цохиж доргиодог.
-Том чулуу шидэхээр мөчир нь гэмтэж, хугарах юм биш үү?
-Тэр хамаагүй. Түүсэн самраа тэндээ цайруулаад, нэг кг-ыг нь 6000 төгрөгөөр борлуулдаг. Эсвэл арав, арваннэгдүгээр сар хүртэл хадгалж байгаад, илүү үнэд хүргэж болно.
“Надад хамаагүй” гэсэн сэтгэлээр байгальд хандаж, түүхий самар унагахаар мод руу авирч, улмаар амь, эрүүл мэндээрээ хохирсон нь цөөнгүй гэдгийг Экологийн цагдаагийн албаныхан мэдээлсэн юм.
Самартай гэгдэх уулын оройд гарахад цагаан утаа суунаглаж байв. М “Манай хэд хоолоо хийж байна” гэсээр утаа гарч буй зүг рүү алхав. Шаргаморьт зуслангийн хушин ойн дунд үнэхээр зүрх зүсэм дүр төрх угтлаа. Самарчдын гарт зэрэмдэглүүлсэн, энд тэндээ халцарсан мод олон байв. Хэрвээ модод ярьдаг бол “Маш их өвдөж байна, бидэнд туслаач” хэмээн аврал эрэх болов уу. Зарим модны мөчрийг хугалжээ. Амь тасарсан мэт хүрлийх мод ч цөөнгүй байна. М бидэнд нэг шуудай өгч, модон доор унасан боргоцойг түүгээрэй гэв. Явах замдаа “Хөөе манайхаан, хаана байна” хэмээн хашхирах нь ойгоор нэг цуурайтна. Хоёр цаг гаруй М-ийг дагаж, боргоцой түүсэн ч самар цайруулдаг машинтай нөхдийг нь олсонгүй. Бидний явах цаг болж уулнаас буулаа. Хүмүүс хуш модыг хайр гамгүй гэмтээж байна гэж байгаль орчны мэргэжилтнүүдийн уулга алдах нь аргагүй аж. Өнөөдрийн талх, хэдэн төгрөгийн төлөө хангай дэлхийдээ ингэж хатуу хандах ч гэж.
Гэмтсэн моддын “хашхирааныг” сэтгэлдээ мэдэрч, харууслын нулимстай буцлаа. 30 гаруй км зам туулаад буцахдаа автобусны буудалд самар зарж байгаа таван хүний нэгээс нь ямар үнэтэйг асуув. Нэг кг-ыг нь 12000 төгрөрөөг зардаг бөгөөд жимсний чанамлын, жижиг шилээр 3500, шанагаар бол 6000 төгрөг гэнэ. Самраа хаанаас бөөндөж авдаг талаар лавлахад “Өөрсдөө түүхээр цагдаад хураалгах эрсдэлтэй учир хүмүүсээс нэг кг-ыг 6000 төгрөгөөр авдаг. Зарж байхад цагдаа нар ирвэл сэмхэн далд хийчихдэг” гэлээ.
Уг нь самар ургасан жил 30 хувийг нь түүж, 70 хувийг нь ойн нөхөн сэргэхэд болон амьтдын идэш хоолонд үлдээдэг. Гэтэл 70 хувь битгий хэл ширхгийг ч үлдээхгүй түүж дуусгах нөхцөл үүсжээ. Хушны идээнд А, В1, В2, В6, В12, С аминдэм агуулагддаг. Баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж, намартаа 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээндээ ордог. Өнгөрсөн жил Сибирийн ой шатаж, идэх хоолгүй болсны улмаас баавгай суурьшлын бүс рүү халдсан тохиолдол цөөнгүй. Хүмүүс самрын модыг одоогийнх шигээ гэмтээсээр байвал хушин ойн 70-80 хувь нь удахгүй устах магадлалтай гэж ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд санууллаа.
Монголын нийт газар нутгийн найман хувийг ойн сан эзэлдэг. Харин нийт ойн талбайн 5.5 хувь нь хуш аж. Ургамал судлаач, доктор, профессор Д.Энхсайхан “Хуш нь өндөрлөг газарт ургадаг бөгөөд ойн индикатор хэмээдэг. Тухайлбал, уулын оройн чийгийг хадгалж, хөрсний нягтаршлаас сэргийлдэг. Мөн хасах 40 градусын хүйтэнд тэсвэртэй бөгөөд хөрсний үржил шим, чийг шаардах байдлаараа дунд зэрэгт тооцогддог аж. Эл мод үрээр үрждэг бөгөөд хэдэн зуун мянгаас нэг нь л ургадаг. Монгол орны хушин ойгоос их ургацын жилд дунджаар 28.7 мянган тн самар түүх бололцоотой гэсэн тооцоо бий. Гэхдээ модыг хатуу зүйлээр цохиж, гэмтээгээд байвал бид өөрсдөө ч, амьтад ч дараа нь идэх самаргүй болно. Гэмтсэн мод хортон шавжид идэгдэж, хатах эрсдэлтэй” хэмээв. БОАЖ-ын сайд өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурлаар “1990 оноос хойш буюу 30 жилийн дотор Монгол орны хушин ой 40 хувиар хорогдсон” гэж хэлсэн. Манай оронд хушны тарьц бойжуулах, хушин ойг зориудаар нөхөн ургуулах талаар судалгаа хомс гэдгийг ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлд дурдсан байдаг. Гэхдээ эл мод 40-50 насандаа үрээ өгч, тэр нь 3-5 жилд боловсорч гүйцдэгээс үзэхэд хэр удаан хугацаанд нөхөн сэргэх нь ойлгомжтой. Албаны хүмүүс “Иргэн бүр хуулийн дагуу заасан хугацаанд зөвшөөрөл авч түүж болно. Гол нь модоо түншихдээ зөөлөвч хэрэглэж, гэмтээхгүй байх хэрэгтэй” хэмээн анхааруулсаар байгаа. Өнөөдөр хайхрамжгүй хандсан үйлдэл тань ирээдүйг улам дордуулна.
Бэлтгэсэн: О.Алуунгуа