“Зоос” банкны удирдлагатай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа тус банкны ТУЗ-ийн дарга, “Ой мод” компанийн захирал Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргажээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Х.Пүрэвсүрэнг энэ сарын 6-ны бямба, Д.Батбаярыг 8-ны даваа гаригт Ганцхудагаас сулласан гэнэ. Дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар нь Сүхбаатар дүүргийн шүүхэд цагдан хорих ямар ч шаардлага байхгүй атал үндэслэлгүйгээр, хууль бусаар хорьсон хэмээн гомдол гаргасан байна.
Энэ дагуу тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргасан аж. Шүүгчийн энэ захирамжтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийг шалгуулахаар гомдол гаргасан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “Хэн яагаад гомдол гаргасныг нь мэдэхгүй. Ийм яриа сонссон” гэв. “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий нарын хүмүүсийг Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байгаа.
Уг хэрэгт банкийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд багагүй хугацаанд ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байгаа, “Ой мод” компанийн захирал Д.Батбаярыг банкны санхүүгийн үйл ажиллагаа доголдоход оролцсон хэмээн сэжиглэн шалгаж байгаа аж. Харин Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэнг тус банкаар Төрийн сангийн хэмжээний мөнгийг нааш цааш нь болгож ашиг олж байсан хэрэгт сэжиглэж байгаа хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.