Хууль зүйн салбарт ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого болон боловсруулах хууль, тогтоомжийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр танилцууллаа. Тэрбээр шүүх эрх мэдлийн, эрүүгийн болон бусад хуульд эрх зүйн шинэчлэл хийхээ онцолсон. Сайд Х.Нямбаатар “2002 онд баталсан Иргэний хуулиар бизнес эрхлэгч, иргэд хоорондын эдийн болон эдийн бус харилцааг зохицуулж ирсэн. Гэвч энэ хууль өмнөө тавьсан зорилгоо хангалттай биелүүлсэнгүй. Тиймээс бизнесийн харилцааг Арилжааны тухай хуулиар зохицуулахаар төслийг нь боловсруулж байгаа. Мөн Компанийн тухай хуулийг шинэчилнэ. Төрийн өмчийн эзэмшлийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй худалдах, төр алтан хувьцаа эзэмших замаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж нээхээр уг хуулийн төслийг боловсруулж байна” гэв. Түүнчлэн Оюуны өмчийн тухай хуулийг олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, оюуны өмчийг хамгаалах, ашиглах орчныг бүрдүүлэх гэнэ. Мөн тэрбээр “Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондоо мөнгө зээлэх үйл ажиллагааг зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна. Энэ нь бүх барьцаалан зээлдүүлэх газар, зээл чөлөөлөх үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэлжүүлэх зорилготой. Гэхдээ тэдэнд тусгай зөвшөөрөл олгохгүй, бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болно гэсэн үг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширдаг тохиолдол бий. Тэгэхээр бага дүнтэй хэлцлийг газар дээр нь шийдвэрлэдэг систем рүү шилжүүлэх, арилжаа эрхлэгчдийн маргааныг эвлэрүүлэх боломжтой орчин бүрдүүлнэ. Үүнээс гадна цахим орчинд хийсэн гэрээ, хэлцлийг нотлох баримтад тооцох, иргэний болон захиргааны хэргийн давхцлыг арилгана” хэмээв. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг төрийн өмчийн компани алдагдалтай ажилладгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд онцолж, тэдгээрийн хувьцааг нь худалдах, төр өмчлөхгүй хэрнээ алтан хувьцаа эзэмших замаар удирдлагыг нь барьдаг зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлд тусгана гэв.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлдөг “цонх”-ыг хаах, Иргэний болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлд хариуцуулах эрх зүйн орчин бүрдүүлэх аж. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, эдийн засаг, бизнесийн чиглэлээр мэргэшсэн хуульчид бэлтгэх талаар тусгаж байгааг онцоллоо.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хариуцуулсан билээ. Үүний нэг нь Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төсөл боловсруулах ажил бөгөөд төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцох, иргэд төрийн үйлчилгээг чөлөөтэй авах боломж бүрдүүлэх талаар үүнд тусгаж байгаа гэнэ. Мөн согтууруулах ундааны борлуулалт тутмаас мөнгө авч, сан үүсгэн, хөрөнгөөр нь архинд донтсон хүмүүсийг албадан болон сайн дурын үндсэн дээр эмчилдэг болох зохицуулалтыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлд оруулж буйг сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. Үүнээс гадна гадаадад зорчиж буй иргэдийг бүртгэлжүүлэх, гадаадад гэмт хэрэг үйлдсэн монгол иргэнийг бусад улс руу зорчих эрхийг нь хязгаарлах талаар Цагаачлалын тухай, шашны байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах эрхгүй гэх хязгаарлалтыг Шашин шүтэх, эс шүтэх тухай хуулийн төсөлд тусгаж байгаа гэнэ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд нийтийн албан тушаалтныг гүтгэсэн, эсэхтэй холбоотой харилцааг шүүх, цагдаагийн байгууллагад шилжүүлэхээс өмнө урьдчилан шийдвэрлэх үе буюу Хэвлэл мэдээллийн зөвлөлийг жинхэнэ утгаар нь байгуулж, түүнд маргааныг шийдвэрлэдэг (уучлал гуйх гэх мэт) болгох зохицуулалт оруулахыг тэрбээр хэлэв. Эцэст нь, хууль зүйн салбарт цахим шилжилт хийж, удирдлагын мэдээллийн систем нэвтрүүлэхийг онцолсон.