Ээлжит бус чуулганаар хэлэлцэх энэ оны төсвийн тодотгол болон Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай төслийг сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт УИХ-д өргөн барилаа. Энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнд өөрчлөлт оруулж, ач холбогдлоор нь эрэмбэлэх, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй нь уялдуулан санхүүжүүлэхээр тодотголын төсөлд тусгаад буй. Нэгдсэн төсвийн нийт орлого 2020 оны эхний зургаан сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1.2 их наядаар буурсан. Цаашид ч цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт саарч, оны эцэст орлого хумигдахаар байна. Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтөд шаардлагатай зардлыг тусган, төсвийн тодотголын төслийг боловсруулжээ. Орлогыг нэмэгдүүлэхдээ экспортыг далайцтай өсгөх бүхий л арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, цахим шилжилтийг хурдасгах зарчим баримтлах гэнэ. Шаардлагатай өөрчлөлтүүдийг тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 2.1 их наяд төгрөгөөр буурч 10.7, зарлага 704.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 14.5 их наяд болох аж. Ингэснээр төсвийн нийт тэнцэл 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, хэмжээ нь ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм байна.
Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл зургаан бүлэгтэй аж. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төсөлд ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхний саналыг үндэслэн тусгасныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон. Тус төсөл нь үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, бүс нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн есөн бүлэгтэй юм байна.
Бэлтгэсэн: Б.Уран