Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Цагдаагийн газрын дарга нарт хүргүүлсэн мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцжээ. Архангай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хариуг хуульд заасан хугацаа хэтрүүлж, мэдэгдлийн мөрөөр авсан арга хэмжээнийхээ тайланг гурван сар гаруйн дараа ирүүлсэн байна.
Түүнчлэн уг мэдэгдлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан гэх боловч хуралдааны тэмдэглэлийг авч үзэхэд тийм танилцуулга огт хийгээгүй байв. Тиймээс Архангай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат АТГ-ын мөрдөн байцааг чийн мэдэгдлийн хариуд худал тайлан ирүүлсэн аж. Мөн тэрбээр аймгийн МАХН-ын хорооны дарга Т.Цэдэндамбаад “Төсвөөс олгогдсон мөнгийг МАХН-ын хорооноос гаргуулж, есдүгээр сарын 15-ны дотор аймгийн төсөвт шилжүүлж хохиролгүй болгох” үүрэг өгсөн гэх бөгөөд энэ үүрэг нь биелэгдээгүйгээс гадна аймгийн төсөвт орох ёстой 25 сая төгрөг өнөөдрийг хүртэл хугацаанд ороогүй байна.
Энэ асуудалтай холбогдуулан аймгийн МАХН-ын хорооны дэд дарга С.Эрдэнэбазартай уулзахад “Аймгийн МАХН-ын хорооны хуучин барилгыг зарах зөвшөөрөл авахаар МАХН-ын Удирдах зөвлөлд хандсан. Зөвшөөрөл өгмөгц худалдаж, 25 сая төгрөгийг аймгийн төсөвт шилжүүлнэ. Хуучин байрыг түрээслүүлсэн, худалдан авах хүн нь тодорхой болсон, зарим засвар үйлчилгээг хийж байна” гэжээ. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг холбогдох албан тушаалтнуудад дээрх хөрөнгийг нэхэмжилж, төсвийн орлогод авах асуудлыг яаралтай шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байна.
Г.РАВЖАА